“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА-н ЭЗЭН) төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2020-2025 онд хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь Мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад оршино.
МАА-н ЭЗЭН төсөл нь малын эрүүл мэндийн үйлчилгээг бэхжүүлэх, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, төслийн хэрэгжилтийг дэмжих, болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед хариу арга хэмжээ авах гэсэн 4 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.
Нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ”-г хөгжүүлэхэд чиглэсэн инновацлаг болон түншлэлийн хамтын шийдлүүд бүхий “ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ”-ийг сонгон шалгаруулж, харилцан хуваах зарчимд үндэслэсэн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг зарлаж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд төслийн зорилтот аймгууд болох Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Хэнтий, Хөвсгөл, Увс болон Улаанбаатар хотод “Мал аж ахуйн инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” болон “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл” гэсэн хоёр төрөлд мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн хоршоод, холбоод, хувийн хэвшлийн компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудыг доорх хоёр төрлөөр сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
1. Мал аж ахуйн инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар
Мах, сүү, ноос, ноолуурын салбарт шинэлэг аргаар бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний загваруудыг турших, улмаар баталгаажуулахыг дэмжих зорилготой. Төслөөс 100,000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг дараах чиглэлийн үйл ажиллагаануудад (нэг болон хэд хэдэн үйл ажиллагаа байж болно) инноваци нэвтрүүлэхэд олгох боломжтой. Үүнд:
- Малын эрүүл мэндийн үйлчилгээ;
- Малын тэжээл, тэжээллэг, мал бордолт;
- Малын нөхөн ба сонгон үржүүлэг;
- ХАА-с ялгарах хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон “ухаалаг” мал аж ахуйг хөгжүүлэх
- Ган, зуд, цасан ба шороон шуурга, үер зэрэг байгалийн аюулт болон гамшигт үзэгдлийн эрсдлийг даах чадавхтай мал аж ахуйг хөгжүүлэх
- МАА-н салбарт орчин үеийн цахим шийдэл болон цахим үйлчилгээ нэвтрүүлэх
-
2. Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл
Малчид болон нэмүү өртгийн сүлжээнд оролцогчдын хооронд зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилсан олон талт бүтээмжит түншлэлийг бий болгох замаар тогтвортой, ногоон, өрсөлдөх чадвар бүхий нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх шийдлүүд багтах ба дараах салбаруудын тэргүүлэгч компаниуд түншлэл байгуулан оролцох боломжтой. Үүнд: - Мах
- Сүү
- Ноос, ноолуур
- Малын тэжээл*
Төслөөс нэг түншлэлд 500,000 ам.доллар хүртэлх үр дүнд суурилсан санхүүжилтийг олгоно.
Эдгээр төслийн саналыг хэрхэн боловсруулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.lcp.mn хаягаар хандаж авч болно гэжээ.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 6-р сарын 27-ны 23 цаг 59 мин.
Эх сурвалж: ХХААХҮЯам