Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 5 дугаар хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт ШӨХТГ-ын хуралдааны танхимд боллоо.
Хуралдаанаар Согтууруулах ундааны зах зээлд давамгай бадалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа, Монгол Улсын хот хоорондын шуудангийн үйлчилгээний зах зээлийн бодлогын судалгаа, Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөөний нөхцөл байдлын судалгаа, Агентлагийн 2021 оны 5 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Согтууруулах ундааны зах зээлийн судалгаагаар:
Спиртийн зах зээлд “Апу” ХК, “Спирт бал бурам” ХХК-ийг
Архины зах зээлд “Апу” ХК, “Спирт бал бурам” ХХК-ийг
Шар айрагны зах зээлд “Апу” ХК, “М Би Си азиа пасифик” ХХК-ийг
Дарсны зах зээлд “Ноён Уул Эрдэнэ” ХХК-ийг
Уламжлалт технологиор үйлдвэрлэсэн импортын согтууруулах ундааны зах зээлд “Монгол кореа сторе” ХХК-ийг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тогтоолын төслийг баталсан.
Монгол Улсын хот хоорондын шуудангийн үйлчилгээний зах зээлийн бодлогын судалгаагаар:
Харилцаа холбооны зохицуулах хороонд зжжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хот хоорондын хамрах хүрээтэйгээр олгож байх талаар зөвлөмж хүргүүлэх;
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэйгээр орон нутгийн иргэдэд хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэхээр болсон.
Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөөний нөхцөл байдлын судалгаагаар:
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах, бусад дагалдах журмуудыг боловсруулах, холбогдох зохицуулалтуудыг хийж, өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх;
Мөн энэ чиглэлээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газарт бодлогын зөвлөмжийг хүргүүлэх;
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар газрын тосны завсрын бүтээгдэхүүнийг онцгой албан татвартай болгох шаардлагатай гэж үзжээ.
Эх сурвалж: ШӨХТГ