Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээр”-ийг эхлүүлэх саналаа Засгийн газар, МАОЭНХ-нд ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор “Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн төслийг боловсруулах, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хариуцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ХНЗГТҮХ-ны тогтоолоор батлан Улсын хэлэлцээрийн төслийг ажлын хэсгийн түвшинд боловсруулан хэлэлцүүлж, ойлголтуудаа нэгтгэж, журмын дагуу улсын хэлэлцээрээ байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 54 дүгээр захирамжаар Улсын хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлөн оролцох бүрэлдэхүүнийг батлуулсан.
Улсын хэлэлцээрт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 74 санал, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос 17 санал нийт 91 санал ирүүлсэн байна. Төслийг хэлэлцээрийн бүлэг, зүйл бүрээр хэлэлцэх, зарим саналуудыг нэгтгэх, улсын хэлэлцээрт агуулгын хувьд нийцэхгүй асуудлыг хасах, найруулга хийх зэргээр ажиллан нийт 8 бүлэг 60 зүйл бүхий хэлэлцээрийг байгуулав.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэдийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт нэмэлт хэлэлцээрийн дагуу 2022 оноос 2022 оноос инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгэмд тогтвортой байдлыг хадгалах, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орлогыг нэмэгдүүлэх, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд нийгмийн зөвшлийн талуудын оролцоо, тус хэлэлцээр ихээхэн ач холбогдолтой.
Нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд Засгийн газрын зүгээс хууль, эрх зүйн шинэчлэл хийхэд анхааран ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Нийгмийн түншлэл” гэсэн бүлгийг шинээр нэмж, нийгмийн түншлэлийн ойлголт, зарчим, түвшин, хэрэгжүүлэх хэлбэр, нийгмийн түншлэлийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойллоо. Ингэснээр төрөөс нийгмийн түншлэлийг дэмжих, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хамтын хэлэлцээ хийх замаар хууль тогтоомжоор тогтоосон стандартыг дээшлүүлэх боломжтой болно гэж үзэж байна.