“КОВИД-19 цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын багш сурагчид орон зай, цаг хугацааны байршлаас үл хамааран сургалтын үйл ажиллагааг онлайнаар явууллаа.
Боловсролын салбар дахь дээрх цахим шилжилтийг хийхэд НҮБ-ын дэмжлэгийг онцлох шаардлагатай. Тодруулбал, “Монгол Улсад КОВИД-19 цар тархалтыг хязгаарлах, үүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” 1 сая ам.долларын төслийг боловсрол болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн юм.
Энэ хүрээнд Боловсролын салбарт уламжлалт танхимын сурган заах арга зүйг хүүхдийн сонирхолд нийцүүлэн, зураг дүрсээр баяжуулсан, хүүхдийн оролцоог хангасан дасгал ажлуудыг нэгтгэсэн сурагч төвтэй сургалтын жишиг контент теле хичээл, боловсруулахад чиглэж ажиллалаа.
104 ЖИШИГ ИНТЕРАКТИВ КОНТЕНТ БОЛОВСРУУЛАВ
НҮБ-ын Хүүхдийн Сан сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн 60 контент, ЮНЕСКО ерөнхий боловсролын 28 контент, НҮБ-ын Хүн Амын Сан эрүүл мэндийн 16 контентыг тус тус хариуцаж ажилласан. 104 жишиг интерактив контентыг боловсруулахдаа тэгш хүртээмжтэй байдлыг хангах үүднээс Казак, Тува болон дохионы хэлний орчуулгатай бэлтгэсэн бол 12 контентыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан бүтээв.
ECONTENT.EDU.MN СУРГАЛТЫН ЦАХИМ СИСТЕМ САЙЖРУУЛАЛТ
БШУЯ-ны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр сургалтын нээлттэй нөөц материал түгээхэд чиглэсэн econtent.edu.mn цахим хуудсыг баяжуулж, өмнө байсан сургалтын материалын сангийн уялдаа холбоог сайжруулж, сурагчдад ашиглахад амар болгох ажлыг гүйцэтгэлээ.
30 ЖИШИГ АУДИО КОНТЕНТ
Телевиз, интернэтийн сүлжээгүй алслагдсан малчин айлын хүүхдүүдийн сурлагын хоцрогдлыг бууруулах сурах үйл явцыг дэмжих үүднээс 30 жишиг аудио контентыг боловсрууллаа. Аудио контентууд нь 4-7 насны хүүхдүүдэд чиглэсэн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангийн зорилтот 4 аймаг, нэг дүүргийн нийт 1300 хүүхдэд радио хүлээн авагчийн хамт түгээв.
Боловсролын салбар дахь дээрх цахим шилжилтүүдийн үр дүнг ярилцаж, цаашид анхаарах санал, зөвлөмжүүдийг оролцогч талууд дэвшүүлж тайлангийн онлайн хурал үр дүнтэй боллоо.