Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2021 оны санхүүгийн жилд хэрэгжих 248.0 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт (Grant Agreement) Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Х.Кобаяши болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар гарын үсэг зурлаа.
Монгол Улс энэхүү хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж өнөөгийн байдлаар 368 оюутан Японы их дээд сургуулиудад суралцан, санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уур уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, боловсрол, ур чадвараа дээшлүүлэн, эх орондоо буцан ирж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ удаагийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 16 хүнийг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт хамруулна.
Япон Улс нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийгэм эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийн даван туулахад хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Монгол Улсын урт хугацааны найдвартай хөгжлийн түнш бөгөөд хүний нөөцийг хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Эх сурвалж: Сангийн яам