УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд нийслэлийн эрх зүйн байдлыг онцгойлон авч үзэх цаг нь болсныг хэлцгээж, хуулийн төслөөр өөрсдийн саналыг хэлж байсан. Томоохон дүүргүүдийг дагуул хот болгон хөгжүүлэх, статусыг өөрчлөх, нийслэл, дүүргийн дүрэм журам, төсөв санхүүг илүү тодорхой болгоё гэх зэргээр тодорхой саналууд хэлж байсан юм.
Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Улаанбаатар хот удирдлагын хувьд ямар байх, дагуул хот ямар түвшинд хөгжсөн байх ёстой юм, нийслэл хот, дүүрэг, хороо ямар чиг үүрэгтэй байх ёстой гэдгийг нарийвчлан тусгаж өгсөн. Улаанбаатар хотод байгаа төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын менежментийг сайжруулах, хот өөрөө орлогоо олдог байх, хот өөрөө үнэт цаас гаргадаг байх гээд олон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж өгчээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.