Дөрвөн уулыг тойрон бүчсэн гэр хороолол, нийслэлийн төвийн айл өрх, албан байгууллагуудын хог, хог хаягдалыг яах вэ гэсэн асуулт Улаанбаатарчуудын толгойны өвчин болдог. Нэмээд аялал зугаалгын улирал эхэлмэгц орон нутгийн хамгийн үзэсгэлэнт газраар зугаалж, ингэхдээ зүгээр нэг хэрэн хэсчихгүй, хог хаягдалаа үлдээгээд байгаль дэлхийг тэр гэхийн тэмдэггүй болтол бузарлагчид олон бий.
Нэг хэсэг нь “хогоо битгий хаяач” хэмээн гуйж байхад нөгөө нь жишим ч үгүй хаа таарсан газраа хаяад алга болдог монголчуудын муу зуршлийг УИХ-аас шинэчлэн баталсан Хог хаягдлын тухай хууль “нэг тийш нь” болгож өгч чадахаар болжээ. Хууль гэхээр л нүсэр бүтэцтэй, ойлгохын аргагүй зүйл гэж бодохоосоо өмнө иргэд Та энэ хуулийн ганцхан заалтыг толгойдоо хийчихэд хот хөдөөгүй хогны асуудлыг зохих хэмжээнд нь бариад байж болохоор… Энэ бол дээрх хуулийн 41.13 дахь заалт.
Иргэн Та хог хаягдалаа хаана ч хамаагүй хаячихаад алга болсон албан байгууллагын тухай мэдээллийг харьяа дүүрэг, оршин сууж байгаа газрынхаа байгаль орчны байцаагч болон бусад эрх бүхий байгууллагад мэдээлж байгаарай. Тэд таны мэдээллийн мөрөөр шалгалт хийж, баталгаажсан тохиолдолд хог хаясан иргэн, аж ахуйн нэгжийн хог хаяхдаа хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж, зөрчил гаргасан хүнийг нэг сая, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох юм.
Харин байгаль орчин болон хүний эрүүл мэндэд учрах эрсдэл учрахаас сэргийлж, мэдээлэл өгсөн иргэн Та торгуулийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авах болно. Нэмж хэлэхэд энэ хуульд нийтийн эзэмшилд зар сурталчилгаа байршуулах, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж хог хаягдал үүсгэхийг хориглосон байгаа шүү.
Д.ХАЛИУН
2 comments
Би айлуудын гудамын дунд хог хаяж байгааг тухайн өдөр цаг минутанд БЗД-ийн -хорооны дарга Ганхуяг, мөн тухайн хорооны хогны байцаагчд мэдээлсэн болвч 2-3 дуудуулаж байж ирж хог хаяж байгаа машины хүмүүстэй газар дээр нь уулзаж барьсан. Гэтэл ямар нэгэ арга хэмжээ торгууль оногдуулсан юмгүй явуулсан юм. Иймд би тухайн хорооны даргад гомдолтой байна.
Сайн байна бас хог шатаавал мэдээлдэг утастай болмоор байна