Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд нийт 150 тамирчин оролцож байгаа бөгөөд уг тэмцээний эхний өдөр манай улсын гурван боксчин рингэнд гарсан юм.
Эрэгтэй 49 кг-д О.Өнөболд Шири Ланкагийн Сажива Нуванаг 5:0 илт давуу байдлаар ялж, улмаар Киргизийн Мирлан Туркбай Уултай тулалдахаар хүлээж байна.
52 кг-д Х.Энхмандах нутгийн тамирчинтай өрсөлдсөн. Султан Аль-Нуайми бол Азийн наадамд оролцож байсан тамирчин билээ. Гэвч манай улсын тамирчин мөн л 5:0-ээр ялалт байгуулсан юм.
Энэ өдрийн гурав дахь боксчин О.Бямба-Эрдэнэ 75 кг-ийн жинд Иракийн Талиб Жаббарыг 4:1 ялав.
Өнөөдрийн тоглолтууд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхлэх ба Азийн боксын холбооны Youtube сувгаар шууд дамжуулна.
17 орны 150 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, нийт 20 жинд хүч үзэх тэмцээний хоёр дахь өдөр манай улсын долоон боксчин хүч үзнэ.
Хоёр дахь өдрийн оноолт:
- 49 кг О.Өнөболд шөвгийн наймд Киргизийн тамирчинтай
- 52 кг Х.Энмандах шөвгийн наймд Афганистаны тамирчинтай
- 64 кг Б.Чинзориг шөвгийн наймд Казахстаны тамирчинтай
- 91 кг Э.Эрдэнэбаяр шөвгийн наймд Киргизийн тамирчинтай
- 51 кг Л.Алтанцэцэг шөвгийн наймд Тажикистаны тамирчинтай
- 57 кг О.Есүгэн шөвгийн наймд Энэтхэгийн тамирчинтай
- 60 кг М.Намуун шөвгийн наймд Казахстаны тамирчинтай
Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч А.Гантулга, Б.Пүрэв-Очир нараар удирдуулсан боксын шигшээ багийн тамирчин Дубайд очоод байна.
Л.Баяр