Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд явагдана. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ өнөөдөр танилцуулж, үнэмлэхийг гардуулан өгнө. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 7-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаатай холбогдуулан сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журмыг баталсан байна.
Үүнд:
- Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
- Иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэхийг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.
- Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна.
- Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана.
- Сонгогч амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт өгч болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
- Сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ гэсэн журам гарчээ.
Иймээс иргэд, сонгогч та бүхэн “Ковид-19” вирусийн халдвар 500 -гаас буурахгүй байгаа энэ үед сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцохдоо дээрх журмыг мөрдөх нь зүйтэй юм.
Л.Баяр