Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.
Хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал,
- Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай
- Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2021 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний танилцуулга
- Өглөөний Улаанбаатар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай
- Хөгжлийн үүд төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.
ДУЛААНЫ ШУГАМ, СҮЛЖЭЭНИЙ 21 БАЙРШИЛД ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
Хурлын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Улаанбаатар хотод 2020-2021 оны өвөл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай мэдээллийг хүргэлээ. Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсанд 2020-2021 онд 39.510 санал, гомдол иржээ. Үүнээс халаалттай холбоотой 700, халуун устай холбоотой 193, ус хангамжтай холбоотой 152, ариутгал татуургатай холбоотой 123, цахилгаан хангамжтай холбоотой 1247 гомдол ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлт аж.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотод дулаан хангамжийн шугам тоноглолд 2021 оны зун хийх засварын ажлын график, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Дулааны гол шугам, сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 21 байршилд шугам, сүлжээний засвар, шинэчлэл, шахалтын ажил хийхээр төлөвлөсөн. Дулааны шугамын зогсолтын графикт хугацаатай уялдуулан инженерийн хангамжийн байгууллагууд их, урсгал засварын ажлуудаа хийж гүйцэтгэсэн” гэдгийг хэлсэн. 2020-2021 оны өвлийн их ачааллын үед давхардсан тоогоор 35.926 шугам тоноглолд ээлжит болон ээлжит бус үзлэг хийн, 1082 зөрчил илрүүлэн бүрэн арилгажээ.
ТАВАН СУУРЬШЛЫН БҮСИЙГ ГУРВАН ҮЕ ШАТТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор орчим, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс байгуулах санал гаргаад байгаа.
Жишиг суурьшлын бүсийн зорилго нь ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хот байгуулалтын бодлоготой хослуулсан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, ухаалаг амьдралыг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай орчин бүрдүүлэх юм.
Налайх дүүрэгт байгуулах шинэ суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 4,725 өрхийн 16,065 хүн ам байнга оршин сууна. Төслийн хүрээнд 6,400 ажлын байр бий болгохоор төлөвлөөд байна. Шинэ суурьшлын бүсэд 900 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 54.1 хувь нь боломжтой гэсэн хариу өгчээ.
Шинэ суурьшлын бүсийг нийт таван газар байгуулахаар төлөвлөж байгаа. Газруудыг нарийвчлан судлах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өглөө.
Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс