Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн Энэтхэгийн омгийг хамгийн аюултай жагсаалтад орууллаа хэмээн ДЭМБ-ын Орос дахь төлөөлөгч Мелита Вуйнович мэдэгджээ.
“Энэтхэгээс ирсэн урьдчилсан мэдээллээр албан ёсоор нэрлэдгээр 1.6 1.7 хувилбар Энэтхэгт тархсан бусад омгийг бодвол хүнээс хүнд дамжих өсөлтийн хурд илүү өндөр байна. Тэнд ганц биш хэд хэдэн хувилбар байгаа” гэж “Говорит Москва” радио станцын эфирээр ярьжээ.
Энэтхэгийн омгийн судалгааны үр дүнг ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд нийтэлнэ хэмээн Вуйнович тэмдэглэлээ. Үүнээс гадна ДЭМБ халдварын тохиолдол болгоныг тусад нь ажигласан хэвээр байх аж.
“Вирусийн шилжилтийг бууруулах нь маш чухал. Яагаад гэвэл вирус шинэ эстэй харьцаад эхэлдэг. Энэ харьцаан дээр алдаа гарч, мутаци бий болж, шинэ хувилбар үүсдэг. Энэ бол маш муу” хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч нэмж өгүүлсэн байна.
Гуравдугаар сарын сүүлчээр Энэтхэгийн ЭМЯ коронавирусийн шинэ омог илрүүлснээ мэдэгдсэн аж. Эрдэмтдийн илрүүлснээр энэ хувилбар нь хоёр мутацитай, эдгээр нь вирусийг эсэд бэхлэгдэхэд тусалдаг байна.
Эх сурвалж: Rg.ru
Орчуулагч: Марта