Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр /2021.05.19/ Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 58, 25 дугаар сургуулиудад ажиллав. Өмнө нь, 2021.05.12-ны өдөр Баянзүрх дүүргийн алслагдсан хорооны 79, 14 дүгээр сургуулиудад тус Ажлын хэсэг мөн ажилласан юм.
Улсын Их Хурлаас 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу 2022 оны хичээлийн жилээс 1-6 дугаар ангийн сурагчдад сургууль дээр нь үдийн хоол өгдөг болох тул хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Байнгын хорооноос тус Ажлын хэсгийг гаргасан. Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нар өнөөдөр Ажлын дэд хэсэгт ажиллаж буй холбогдох байгууллагын албан тушаалтан, эрдэмтдийн хамт сургуулиудад ажиллахдаа хуулийн хэрэгжилтийг хангахад яаралтай шийдвэрлэх, засах асуудлын талаар ярилцаж, гарц гаргалгааг эрэлхийллээ.
“Эрдмийн хөтөч” цогцолбор 58 дугаар сургууль дээр 2016 онд ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургууль нь БНСУ-ын “Койка” сантай хамтарч, тус сангийн хөрөнгө оруулалтаар шинэ суурь ухаж, бохир, цэвэр усны хоолой гарган, 380 вольтын цахилгааныг шийдэж, урсгал шугмыг зөв зохион байгуулсан анхны гал тогоог бий болгосон байна. Зориулалтын гал тогоотой болсноор “Үдийн цай”-г “Үдийн хоол” хөтөлбөрт шилжүүлж, бага ангийн сурагчдад халуун хоолоор үйлчилж эхэлсэн. 900 төгрөгт багтаагаад халуун хоолоор сурагчдад үйлчилдэг, хоолны хүртээмж, орц хангалттай байдаг талаар тус сургуулийн Хоол зүйч А.Янжмаа мэдээлэл өглөө. Сургуулийн гал тогооны ажилчид нь төсвөөс цалинждаг, гал тогоог түрээслэнэ гэсэн асуудал байхгүй учир хоолны төсөвт мөнгийг 100 хувь хүүхдэд нь зарцуулдаг талаар мөн өгүүлэв.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин зориулалтын гал тогоотой сургуульд хуулийн хэрэгжилт ямар байх вэ, гал тогоогоо түрээсэлдэг сургуульд хуулийн хэрэгжилт ямар байх вэ гэдгийг харахын тулд олон дүр зураг бүхий сургуулиудыг сонгон ажиллаж байна гэлээ.
Тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг 25 дугаар сургууль дээр ажиллах үеэр ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, тус сургуулийн багш М.Пүрэвжав нар сургуулийн үдийн хоолыг өндөр хөгжилтэй орнуудад хэрхэн зохион байгуулдаг тухай судалгаа болон өнгөрсөн хугацаанд үдийн хоолны үйлчилгээнээс олсон сургамж ба боломжийн талаар Ажлын хэсгийнхэнд мэдээлэл өглөө.
Ажлын хэсэг өнөөдөр сургуулиудад ажиллахдаа үдийн хоолонд төсөвлөгдсөн мөнгө 100 хувь хүүхэддээ хүрдэг байхын тулд сурагчдын үдийн хоол хүнсийг бэлтгэх, нийлүүлэх чухал асуудалд хамгийн бага үнэ санал болгогчийг шалгаруулдаг тогтолцоог засах, хүүхдэд үдийн цай, хоолоор үйлчлэх тендерт шалгарсан компанид сургуулийн гал тогоог түрээсэлдгийг болиулах, түрээсэлсэн тохиолдолд тэрхүү төлбөрийн мөнгө нь эргээд хүүхдийн хоолонд зарцуулагддаг болох, үдийн цайны тендерт авлига өгч шалгардаг зэрэг гажуудсан тогтолцоог зассанаар сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсийг бизнесээс салгах гарц гаргалгааг хэлэлцэв.
Мөн сурагчдад халуун хоолоор үйлчлэхэд зориулсан гал тогоог тоноглоход нэн шаардлагатай 23 тэрбум төгрөгийг эхний ээлжинд ирэх оны төсөвт суулгахын тулд төсөв хэлэлцэхээс өмнө Байнгын хорооны хуралдаанаараа цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл хэлэлцэж, холбогдох байгууллагуудад чиглэл өгөх талаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.