-Монголтой холбоотой хувьцааны ханш уналаа-
С.Баяр Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөд Оюутолгойн хувьцааны ханш дэлхийн зах зээл дээр хэдэн функтээр огцом унаж байлаа. Ингэж л бид Монголын улс төр Монголдоо “шингэх”-ээ больсныг нийтээрээ анх мэдэж авч байв. Түүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Чингис” бондын мөнгө Монголын дансанд шилжиж ирсний дараахан улстөрчдийн ганц л хариуцлага мэдэгдэл олон сая долларын үнэтэй болсныг анхааруулж хэлсэн юм.
Яагаад гэвэл Монголын улс төрийн тогтворгүй байдал, улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл гадаад зах зээл дэх Монголоор хаяглагддаг бүх зүйлийн хувьцааны ханшид шууд нөлөөлдөг болчихоод удаж байна. Монголчууд Сингапурт, эсвэл Хонгконг, Америк гээд дэлхийн хаанаас ч хөрөнгө оруулалт татсан, хувьцаа гаргаж арилжсан байлаа ч түүнийх нь ханш Монголын улс төрөөс шууд хамааралтай болсон гэсэн үг. Улс төр тогтвортой байдал өсдөг, тогтворгүй болбол ханш дагаад унадаг болжээ. Тэр нь ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахь цөөхөн хоногт улам хүчтэй мэдрэгдэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч тодроогүй ч хамгийн олон саналыг сөрөг хүчнээс буюу АН-аас нэр дэвшигч Х.Баттулга авсан. Хоёрт эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд орж, эцсийн шатанд дахин санал хураалт болох нь нэгэнт тодорхой болсон. Энэ бол монголчуудын хувьд бүгдийнх нь мэдэж байгаа “жирийн” л нэг мэдээ. Тэгвэл сонгуулийн энэхүү урьдчилсан дүн дэлхий нийтэд яаж хүрснийг сонирхъё. “Ройтерс” агентлаг Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар “…Уул уурхайн бодлогод үндэсний үзэл баримталж, өмнөд хөршдөө сэрэмжтэй ханддаг Х.Баттулга өөрийнхөө боломжид итгэлтэй буй.
Харин эхний санал хураалтаар хоёрдугаарт бичигдсэн М.Энхболд нь хөрөнгө оруулалтыг дэмждэг, эдийн засгийн аядуу зөөлөн бодлого баримталдаг нэгэн. Улс орны эдийн засгийн байдал хүндэрч, хатуу хэмнэлтийн бодлогод шилжсэн нь эрх баригч намын дарга түүний саналыг доош нь татжээ…” гэж мэдээлсэн бол “Regnum.ru” энэ тухай “Монголын Ерөнхийлөгчийн сонгууль эдийн засгийн хямралтай үед тохиож байна.
Тус улсын эдийн засаг урьд нь дэлхийд хамгийн өсөлттэйд тооцогдож байсан удаатай. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт буурсны дараа бэрхшээл гарч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд тунасан хоёр нэр дэвшигч улс орноо өрийн дарамтаас гаргах өөрсдийн гэсэн төлөвлөгөө дэвшүүлэн өрсөлдөж байгаа аж” гэхчилэн мэдээлжээ.
Дэлхийн хэвлэлүүдэд энэ мэт маш олон мэдээлэл гарсан бөгөөд нийт дүнгээр нь базаад үзвэл хөрөнгө оруулагчдад таатай ханддаггүй, Хятадын аюулаар айлгадаг, хамгийн гол нь сөрөг хүчний нэр дэвшигч эхний шатанд өнгөлсөн талаар өгүүлсэн байна. Мөн сөрөг хүчний нэр дэвшигч эцсийн шатанд ялалт байгуулбал эрх баригч намын эдийн засгийг сэргээх бодлого, ОУВС-тай тохирсон хөтөлбөрт ч эргэлзээ үүсч магадгүйг онцолжээ.
Харин энэ мэдээлэл Монголын тухай үргэлж сонирхож байдаг, Монголд, Монголын компаниудад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад яаж буусныг харъя. Яагаад гэвэл, дээр өгүүлсэнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, манай улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн олон улсын хөрөнгийн бирж дээр гаргасан хувьцааны ханш улс төрийн нөхцөл байдлаас ихээхэн шалгаалдаг.
Тиймээс ч эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын хүлээлт хаашаа чиглэж байгааг сонирхсон юм. Харамсалтай нь, 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш улс төр тогтворжиж, Монголын хувьцааны ханшид өсөлт гарч, хүү буурч байсан дүр зураг сонгуулийн дараахь хоёрхон хоногт бүхэлдээ өөрчлөгджээ.
Нэгд манай улсын гаргасан бондын үнэлгээ буурсан байна. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулсан өдөр буюу энэ сарын 27-ноос Монголын бондын үнэлгээ Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 1.03 центээр буурч 109.7 ам.доллар болсныг “Блүүмберг” мэдээллээ. Манай улс өнгөрсөн гуравдугаар сард тус бирж дээр бонд арилжааж эхэлсэн бөгөөд түүнээс хойш одоогийнх шиг ханшийн уналт ганц ч тохиолдож байгаагүй юм байна. Бондын үнэлгээ ийнхүү унаж эхэлснээс гадна зарим компанийн хувьцааны ханш ч огцом буурчээ.
Тодруулбал, Оюутолгойн нэг хөрөнгө оруулагч “Turquoise Hill” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 0.17 центээр унаж 2.52, Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.23 центрээр буурч 3.32 ам.доллар болсон байна. Мөн “Aspire Mining” компанийн хувьцаа 5.26, “Erdene Resource Development” компанийн хувьцаа 2.8, “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш 2.5 хувиар тус тус буурчээ.
Монгол Улсаас хамгийн анх удаа гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалсан Mongolian Mining Corporation (MMC) буюу “Энержи Ресурс”-ийн хувьцааны ханш ч унасан байна. Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн ханш 13.86 хувиар унасан дүр зурагтай байна. Харин одооноос л бага зэрэг сэргэлт гарч, өсөлт ажиглагдаж эхэлсэн байна. Үүнийг эдийн засагчид “Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Энержи Ресурс” хувьцаа 10 гаруй хувиар уналаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эцэслэн гараагүй дахин санал хураалт болохоор болсон тул буцаад жаахан өсөх шинжтэй болж байна. Гаднын хөрөнгө оруулагчдын биднийн сонголтод өгч буй үнэлгээ энэ” хэмээж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнтэй холбоотойгоор ийнхүү хувьцааны ханш хэлбэлзэж байгаагаас үзвэл удахгүй болох дахин санал хураалтын дүнгээс Монголтой холбоотой бүх хувьцааны ханш шалгаалах нь ойлгомжтой бололтой. Цаашлаад эдийн засгийн байдал ч бүхэлдээ шалтгаалахыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь, оны эхний дөрвөн сарын байдлаар 4.2 хувийн өсөлттэй гарсан Монголын эдийн засгийн талаар “S&P Global Ratings” олон улсын байгууллага сөрөг хандлагатай байгаагаа мэдэгдсэн байна.
Тэд “Монголын улс төр тогтвортой, нэгдсэн бодлоготой болохгүй бол эдийн засаг нь энэ онд 0.2 хувиар агшина” гэсэн таамаг дэвшүүлж буйгаа олон улсад зарлажээ. Мөн өнгөрсөн хавраас сэргэж эхэлсэн Монголын эдийн засгийг олон улсын хөрөнгө оруулагчид сэргэлтийн дунд үедээ явж байгаа гэж дүгнэн Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн анхаарал хандуулж байгааг “Блүүмберг” онцолсон байна. Энэ бүгд Та бидний сонголтын төлөөс юм даа.
Эх сурвалж: http://eagle.mn/r/31767