Нийслэлийн Засаг даргын А/1037 дугаар захирамжид дурдагдсан чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагууд замын хөдөлгөөнд оролцохдоо дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт гаргаж, зөвшөөрлөө авдаг билээ. Уг хүсэлтийг бичгээр хүлээн авахаа больж байгаа юм.
Энэ талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар (ЗХТЗИГ)-аас зөвлөмж хүргэв.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч хүсэлт гаргах боломжтой”
ЗХТЗИГ-ын мэргэжилтэн н.Ганбат “Энэхүү үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цагийг хэмнэх маш том давуу талтай.
Гэхдээ бүх хувь хүн дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт өгч болно гэх огтхон ч ойлгож болохгүйг сануулъя. Энэ нь тодорхой журмын дагуу зохицуулагддаг.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2020 оны наймдугаар сарын 14-ний өдрийн А/1037 дугаар захирамжид зааснаар:
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгосон зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтаас тодорхой хугацаанд чөлөөлж болдог.
Үүнд:
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах;
Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах;
Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш буюу нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх;
Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх;
Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан;
Дулаан, цахилгаан, усан хангамж, шуурхай ажиллагааны тээврийн хэрэгсэл, эмнэлэгийн зориулалттай бараа бүтээгдэхүүн түгээх автомашин багтаж байна.
Түүнээс гадна, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт өгөх боломжтой.
Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлтийн хариуг мөн цахимаар илгээнэ” гэв.
Заавар:
Е-mongolia.mn —-> Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл —-> Тээврийн хэрэгсэл цэсийг сонгоно —> Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлт —> Үйлчилгээ авах —> Иргэн бол нэг удаагийн кодоор, байгууллага, ААН бол тоон гарын үсгээр нэвтэрнэ.
Хамгийн сүүлд, гарч ирсэн ТАВАН АЛХМЫН ДАГУУ мэдээллээ үнэн зөв бөглөөд хүсэлтээ илгээх юм.
Ингэхдээ тээврийн хэрэгслийн фото зураг, даатгалын гэрээ, арлын дугаарын зургийг тод дарж системд байршуулах ёстойг анхаарна уу.