Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.05.18) 11 цаг 12 минутад эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн ба Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан хэмээн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцуулав.
Хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн 2 дугаар зүйлд тусгасан, хэрэв энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр бол хүндрэл учрах эсэхийг тодруулав. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих тохиолдолд 140,9 тэрбум орчим төгрөгийн нэмэлт зардал гарахаар байна, харин долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөд улсын төсөвт 94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баярсайхан нар уг хуулийг дагаж мөрдөх хугацааг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг гурав хүртэлх хувиар бууруулах боломжтой эсэхийг тодруулж байв. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд уг хуулийн төслийг боловсруулах явцад мэргэжлийн байгууллагын тооцоо болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан уг хуулийг долоодугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн тайлбар хийв.
Улсын Их Хурлын гишүүн П.Анужин уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын хуримтлал үүсгэх боломжтой эсэхийг тодруулж байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэв.
Хуулийн төслийн хоёрдугаар зүйлд, энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. Үүнтэй холбогдуулан төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хуулийг 2021 оны долоодугаар сарын 01-нээс эхэлж дагаж мөрдөхөд улсын төсөвт 94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай, уг асуудлыг Засгийн газартай зөвшилцсөн болно гэлээ.
Ийнхүү хуулийн төслийн нэг, хоёрдугаар зүйлийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй ба санал хураалт явуулахад 85.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.