Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Москва дахь ЭСЯ-ны дипломат ажилтнууд Аугаа их ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Монголын уран барималч А.Очирболд, Оросын архитектор В.В.Перфильев, А.К.Тихонов нарын хамтын бүтээл болсон тус хөшөөг Аугаа их Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмнээс бэлэглэж, Москва хотын захирагчийн захирамжаар 2017 онд Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд хүндэтгэлтэйгээр байрлуулсан юм.
Уг хөшөөн дээр “Монголын ард түмэн, Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкны цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, Их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” гэж бичсэн байдаг.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам