С.Бямбацогт нарын таван гишүүнээс Ерөнхий сайдад хандан “УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Оюутолгойн гэрээг шоу болгодог зүйлийг зогсоомоор байна. Оюутолгой төсөлд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал хүнд байна. Татвартай холбоотой маргаан зогссон уу? Дубайн гэрээг цуцлах асуудалд Засгийн газар хэр амбицтай явж байна вэ?” гэж асуув.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Татварын маргаантай холбоотой асуудал Лондоны арбитрын шүүх дээр байгаа. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх явцад авилга албан тушаалын зүйл хийж, гэрээнд хохирол учруулсан байж болзошгүй асуудлыг сөрөг нэхэмжлэл болгож гаргасан.
Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг сөрөг нэхэмжлэлд дурдсан. Арбитрт маргаан хянан шийдвэрлэх нь үе шаттай. Нэхэмжлэгчийн зүгээс маргаантай холбоотой асуудлыг түр хойшлуулъя гэдэг саналыг тавдугаар сарын эхний долоо хоногт тавьсан. Хуулийн зөвлөхөөс хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь бид нарт давуу байдал болно гэсэн.
Арбитрт маргаан хянан шийдвэрлэх процесс 2023 оны гурав, дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэхээр байгаа. Бид хэлэлцээрийн явцад далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцалъя гэдэг санал “Рио Тинто”-гийн талд тавьсан. 92 дугаар тогтоолын гол агуулга нь цаашид Оюутолгой төслийн санхүүгийн загвар моделийг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, боловсруулж, УИХ-д оруулж ирэх юм” гэлээ.
Н.Батаа