УОК-ын Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, үйл ажиллагааг нь хязгаарласан байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээх шийдвэр гаргажээ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ.
Т.Баярхүү:
-Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагааг нь нээх салбаруудын жагсаалтын дараах мэдээлэл эцсийнх биш гэдгийг хэлье.
Бидний хувьд эрсдэлийг тодорхой хэмжээнд тооцон судалгаа хийж, нээх боломжтой салбаруудын жагсаалтыг гаргаж байна. Тиймээс халдварын нөхцөл байдлаас шалтгаалж тухайн бүрд нь зарлах тул өөрчлөгдөж болзошгүй.
Эхний ээлжид, энэ сарын 22-ноос,
- Орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөн,
- Томоохон зах, худалдааны төвүүд,
- Хоол үйлдвэрлэлийн газрууд /ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газар/-ыг 50 хувийн дүүргэлттэйгээр,
- Шаардлага хангасан зочид буудлууд,
- Амралт, жуулчны баазыг тодорхой хязгаарлалттайгаар нээхээр жагсаалтуудыг гаргасан байна.
Энэ гэхдээ эцсийн шийдвэр биш ч өнөөдөр мэдээлж байгаагийн шалтгаан нь тодорхой хэмжээнд дээрх байгууллагуудад бэлтгэл ажлаа тодорхой хэмжээнд хангах боломжийг нээж өгөх ёстой гэсэн үүднээс хэлж байгаа юм.
Л.Баяр