Финляндын Турку их сургуулийн мэргэжилтнүүд хүнийг хэзээ үхэхийг гэдсэн дэх бичил орчных нь шинжилгээгээр 10 гаруй жилийн өмнөөс л мэдэх боломжтой гэж мэдэгдэж байна.
Судлаачид 2002 онд цуглуулсан хүмүүсийн өтгөний дээж, мөн дээж өгсөн хүмүүс дээр 15 жил турш хийсэн ажиглалт дээрээ үндэслэн ийм дүгнэлт гаргажээ. “Судалгаагаар энтеробактерийн төрлийн нянгууд болон ходоод гэдэсний зам, амьсгалын замын өвчлөлийн нас баралтын өндөр эрсдэлийн хооронд холбоо байгаа нь илэрсэн” хэмээн шинжээчид баталсан байна.
Эрдэмтдийн хувьд энтеробактерийн тоо нэмэгдэх нь гэдэсний хорт хавдартай холбоотой хэмээн нэг бус удаа зарлаж байсан. Гэхдээ энэ хоёр шалтгаан, үр дагаврын холбоотой юу гэдгийг одоо болтол тогтоогоогүй аж.
“Энэхүү судалгаанд ашигласан мэдээлэл нь хүний гэдэсний бичил орчны эрүүл мэнд хүн ам зүйд урт хугацаанд хэрхэн нөлөөлөхийг судлах боломжийг анх удаа бий болгож буйгаараа онцлог” хэмээн судалгаанд оролцсон эрдэмтэн Теему Нииранен мэдэгджээ. Гэхдээ хүний наслалт, гэдэсний нянгууд хоорондын холбоог эцэслэн тогтоохын тулд дахиад судалгаа явуулах шаардлагатай гэнэ. Ямартай ч энэ нь хүний наслалт, гэдэсний орчин хоёрын хооронд холбоо байгааг хуруулсан анхны судалгаа боллоо хэмээн тэмдэглэж буй юм.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулсан Э.Март