“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” төслийн баримт бичигт Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга олон улсын байгууллагын дарга Э.Тамүра нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Ийнхүү ЖАЙКА олон улсын байгууллага орон нутгийн онцлогт нийцсэн хүнсний хангамжийн тогтолцоо бүрдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын төв байгуулах чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллахаар болж байна.
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл нь “Ерөнхий боловсролын сургуульд аюулгүй, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоолоор үйлчлэх” зорилгын дор Дундговь, Өвөрхангай аймгийн зарим сум, сургуулийг сонгон 2021-2024 оны хугацаанд хэрэгжүүлэх юм. Хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлэх хоол, хүнсний үйлдвэрлэл тогтвортой хөгжих, хүнсний хэрэглээний талаар мэргэжлийн болон хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо бэхэжсэн үр дүнтэй төсөл байх болно.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхэд хоолны газрыг стандартын шаардлагад нийцүүлэх, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах, хоолзүйч, тогооч зэрэг мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, нэг сурагчид ногдох хоолны зардлыг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тогтолцоог бэхжүүлэх гэсэн 4 багц асуудлын хүрээнд зардал, санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага бий. Энэ хүрээнд ЖАЙКА-тай хүнсний хангамжийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэхэд хамтарч ажиллахаар боллоо.
БШУЯ