Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлангийн хамтаар биенес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй хийж буй уулзалт дээр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын дараа эдийн засгийн их сэргэлтийн санаачлагаа танилцуулав.
Тэрээр “Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг К хэлбэрийнх гэж ярьж эхэллээ. Энэ нь зарим салбар сэргэх бол нэг хэсэг нь маш хүнд нөхцөл байдалд орж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжихгүй бол олон ажлын байр үгүй болно. Бид ковидын дараах эдийн засгийг хэрхэн сэргээх талаар судалгаа явуулсан. Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форумаар эдийн засгийн их сэргэлтийг ярьж байгаа.
Хятад хамгийн том өсөлтийг авчрах бөгөөд тус улсын 1 хувийн өсөлт нь Монголд 0.83 хувиар нөлөөлөх судалгааг Дэлхийн банкнаас гаргасан байна.
Энэ өсөлтийг бид яаж Монголд хамгийн том боломж болгон хувиргах вэ гэдэг дээр энд байгаа компаниуд юм бодож байгаа байх. Ковидын дараах эдийн засгийн их сэргэлтийн санаачилгыг бид гаргасан. Цар тахлын дараах эдийн засгийг яаж сэргээх, нөхцөл байдал ямар байна, экспортыг эрс нэмэгдүүлэх зэрэг дээр анхаарч байгаа.
Хөрөнгө оруулалт татахын тулд эдийн засаг, худалдааг хариуцсан яамыг яаралтай байгуулаач, энэ дээр бүх асуудлаа төвлөрүүлье. Цар тахлын улмаас 27 мянган компани үйл ажиллагаа нь зогсож дампуурсан байна. Мэдээж хатуу хөл хорио ковидын улмаас болж дампуурсан.
Цар тахлын улмаас хүнд нөхцөл байдалд орсон аж ахуйн нэгжүүдэд боломж олгох ёстой. Монголбанкны зээлийн ангиллын жагсаалтад орсон олон аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг цэвэрлэж, тэдэнд боломж олгоё. НӨАТ-ын албан татвар, НДШ-ийн хувь хэмжээг бууруулъя.
Эдийн засгийг сэргээхийн тулд бүх боломжийг ашиглая” хэмээв.
Б.Ирээдүй