Засгийн газрын 100 хоногийн өнөөдрийн уулзалтын үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр ” “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон.
“Ойрын өдрүүдэд 237.9 мянган иргэдтэй холбогдон мэдээллийг хүргэж, үнэт цаасыг олгож эхэлнэ. Харин үнэт цаас эзэмшиж байгаад нас барсан 9000 гаруй иргэний ар гэрт олгоно.
“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ баталсан. Уг хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэсэн. Ингэхдээ 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн.
Мөн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст 21,4 тэрбум төгрөгийн зөрүүг олгохоор тусгасан юм.
Одоо 238 мянган иргэнд 216 тэрбум төгрөг олгоно. Нийтдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээнд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа юм” гэлээ.