АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байна гэх шалтгаанаар суулт хийж, эцэстээ тэр нь өлсгөлөн болсон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн эсэргүүцэл 6 дахь өдрөө үргэлжилж байна.
Тус намын бүлгийн 13 гишүүн өлсгөлөн зарлаж байгаа гэж мэдэгдэж байгаа. Үнэндээ бол талбайд Н.Алтанхуяг, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Ц.Туваан, Ж.Батсуурь, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар өлсгөлөн зарлаад байсан. Гэхдээ тэд хүч оруулж олон тоон дээр ярьсаар байна.
Суулт зарлах үед УИХ-ын гишүүн Н.Ганибал харагдаж байсан боловч, өлсгөлөнгөөс хойш харагдаагүй. Харин Ж.Батсуурь гишүүн Пүрэв гаригаас хойш талбай дээр үзэгдээгүй. А.Адъяасүрэн гишүүний хувьд биеийн байдлаас шалтгаалж, өлсгөлөнгөө өчигдрөөс эхлэн зогсоогоод байгаа юм. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг өнөөдрөөс эхлэн өлсгөлөнгөө зогсоож байгаа тухай намын гишүүн нь яриандаа дурдлаа.
АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ “Өнөөдөр энэ талбай дээр манай намын хэсэг нөхөд өлсгөлөн зарлаж байна. Юуны төлөө өлсөөд байгааг нь ойлгохгүй байна. 1990 онд манай намын ах нар Ардчилал, зах зээлийн нийгэм, эрх чөлөөг авчрах гэж нийгмийн төлөө жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарлаж байсан.
Өнөөдөр энэ талбай дээр өлсөөд байгаа нөхдүүдийг албан тушаалын төлөө өлсөөд байна гэж харж байна. Сонгууль болох гэж байхад намтайгаа нийлж, МАН-ын эсрэг сонгуульдаа оролцохгүйгээр Ардын намын захиалгатай өлсгөлөн хийгээд байгаа юм уу гэж харж байна. Намаа хоёр хувааж, Ардын намд ялагдуулах гээд байгаа юм уу?
Ардчилсан намын буянд Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Намын буянд сайд ч олон удаа хийсэн. Листээр жагсаж байлаа.
Өөрөө дарга болохгүй бол намаа эсэргүүцдэг. Өөрийн нутгийн дүү нь дарга болохгүй бол намаа эсэргүүцдэг байж болохгүй.
2020 оны сонгуульд намаасаа гараад бие даагаад л Эрдэнэтээс гараад ирсэн. Монголын хамгийн том поп-чинтой нийлээд өлсгөлөн зарлаад байгааг хараад гайхаж байна.
Н.Алтанхуяг тэргүүтэй энэ нөхдүүд АН-аа өнөөдөр дэвсэлж байна гэж харж байна. Сонгуульд бид цул болж орох ёстой. Мөрөөрөө яваа УИХ-ын гишүүдийг битгий уруу татаад бай.
Өлсгөлөн зарлаж байсан эмэгтэй гишүүн биеийн байдлаасаа болоод больж байна. Баянхонгороос сонгогдсон Д.Ганбат ах больж байх шиг байна. Ингээд нэг нэгээрээ цувраад өлсгөлөнгөө болио” хэмээв.
Н.Батаа