Ленинградын бүслэлт 1941 оны есдүгээр сарын 8-нд эхэлж, 872 хоног үргэлжилсэн юм. Хотод хүн амаа хангах хэмжээний нэн шаардлагатай хүнсний нөөц хангалттай хэмжээтэй байгаагүй аж. Үүний улмаас хүмүүс өдөрт 125-250 грамм талх авдаг байсан нь шаардлагатай хэмжээний илчлэгээс нь 5 дахин бага гэсэн үг юм.
Ийнхүү хэдхэн долоо хоногийн дараа хүмүүс өлбөрч үхэж эхэлжээ. Энэ хугацаанд гашуун үйл явдал олон болсон ч тэр дотроос бүслэгдсэн Ленинградын иргэдийн зоримог түүхтэй холбоотой цөөнгүй баримтууд үлджээ. Тэгвэл тэр дундаа гэрийн тэжээвэр амьтад хүмүүст тусалж байсан тухай бид цөөхөн түүх мэдэх билээ.
Ленинград хотод дайны дараа хүнсний сүүлчийн нөөцийг мэрэгчдийн халдлагаас хамгаалж байсан “мяулдаг дивиз” нэртэй мууранд зориулсан хоёр хөшөө босгосон байдаг юм. Түүнээс нэгэн гэр бүлийг тэжээдэг гол амьтан болсон Васька муурын эрэлхэг түүх танд нэгийг бодуулах биз ээ.
“Миний эмээ бүслэлтийн хүнд үе, өлсгөлөнг охинтойгоо даван туулахад Васька хэмээх муур минь хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн үргэлж ярьдаг байлаа. Хэрэв энэ улаан шаргал нөхөр байгаагүй бол бүгд л бусад шиг өлсөж үхэх байсан гэсэн юм.
Васька өдөр бүр ан агнаж, хулгана, эсвэл заримдаа том, тарган харх барьж авчирна. Эмээ хулганы гэдэс дотрыг гаргаад л түүгээр шөл хийдэг байв. Харин харх бол муугүй гуляш болно шүү. Энэ үед муур маань дэргэд нь суугаад л хоолоо хүлээдэг байлаа. Шөнө хамтдаа нэг хөнжилд унтахад хөөрхий муур маань дулаан илчээрээ бүлээцүүлнэ.
Васька бөмбөгдөлтийг агаарын түгшүүр зарлахаас хамаагүй эрт мэдэрч, байн байн эргэлдэн мяулж гарна. Эмээ ч хамаг юм, усаа бөөгнүүлж аваад, ээж, муур хоёроо аваад гэрээсээ зугтдаг байв. Орогнох байранд ормогцоо түүнийг гэр бүлийнхээ нэгэн гишүүн мэт байнга дагуулан явдаг байжээ.
Өлсгөлөн үнэхээр аймшигтай байж. Васька ч бас өлсөж, турж эцсэн амьтан болжээ. Өвлөөс хавар хүртэл эмээ маань шувууны өгөөш бэлтгэж, хавраас мууртайгаа ан хийдэг байсан гэнэ. Эмээ өгөөшөө цацан Васькатай хамт нуувчинд суухад түүний харайлт гайхалтай оновчтой, хурдан байдаг байв. Васька бидэнтэй хамт өлссөн болохоор шувууг ч барьж авах хүчгүй болжээ. Тэр дөнгөж шувууг барьмагц эмээ бутны цаанаас гарч ирээд түүнд тусална. Тиймээс хавраас намар хүртэл бас шувуу ч иддэг байв.
Бүслэлт зогсож, хоол элбэг болоход, тэгээд дайн дууссаны дараа ч эмээ маань муурандаа үргэлж хамгийн сайхан хоол хүнснээсээ өгдөг байжээ. Түүнийг энхрийлэн илж, тэжээгч, тэтгэгчээ хэмээн дууддаг байв.
Васька 1949 онд үхэхэд, эмээ маань түүнийг оршуулгын газарт оршуулж, булшийг нь дэвсэлж, бусниулахгүй байгаасай гэсэндээ загалмай тавьж, Василий Бугров гэж бичжээ. Дараа нь ээж минь эмээг муурынх нь дэргэд нутаглуулж, дараа нь би тэнд ээжийгээ оршуулсан юм. Ийнхүү тэнд дайны үед нэгэн хөнжилд цугтаа байсан гурав хамтдаа нэг нойрсож буй”.
Эх сурвалж: mix.tn.kz
Орчуулсан Э.Март