Коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллага хоёр жил онлайн сургалт явуулж байна. Интернэтэд чөлөөтэй нэвтрэх боломжтой, эцэг эхийн зүгээс анхаарал тавьж чаддаг хүүхдүүдэд онлайн хичээл таатай нөлөөлж байгаа бол интернэтийн төлбөр төлөхөд хүнд, ухаалаг утасгүй, сүлжээ барихгүй алслагдмал газарт амьдардаг сурагчдад хүндрэл учирсаар байгаа. Онлайн сургалт өдөр тутмын хэрэгцээ болон хэвшиж буй энэ цаг үед багш нарт ч боломж гарч, өөрсдийн бүтээлээ зөвхөн шавь нартаа биш нийт хүүхдүүдэд дэлгэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжийг нээж байна.
Энэ удаа бид сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэхэд зориулан гаргасан “Тоон сүлжээ 126” цуврал ном гаргасан Монгол Улсын Консерватори буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн мэдээлэл зүй, математикийн багш Ц.Ариунсүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэхэд зориулан гаргасан “Тоон сүлжээ 126” ном эцэг, эхчүүдийн анхаарлыг татаж байна. Энэ номыг бичих санаа хэрхэн төрсөн бол?
-Хөгжмийн мэргэжлийн сургалттай цор ганц сургууль болох Монгол Улсын Консерваторид урлагийн өндөр мэдрэмжтэй, авьяаслаг сурагчидтай ажиллаж мөн урлагийн эх уурхай болсон авьяаслаг уран бүтээлч багш нартай нэгэн цаг хугацаанд ажиллах явцад олон зүйлсийг мэдэрч ажигладаг. Өдөр тутамдаа уулзаж буй эдгээр хүмүүсийн сэтгэлгээний хурд уран бүтээлч чанар нь үнэхээр гайхам сайхан бас сонирхол татам байсан. Тиймээс эдгээр сурагчдын сэтгэлгээг хэрхэн хөгжүүлж болох вэ, цаашлаад ямар аргаар хөгжүүлэх вэ, ямар төрлийн бодлого дасгал даалгавар илүү үр өгөөжтэй вэ гэсэн асуултууд урган гарч түүгээрээ түүчээлэгдэн судалгаа хийж эхэлсэн. 2010 оноос судалсан ажлын маань үр дүн болж, 2019 онд цувралын анхны ном болох “Тоон сүлжээ 126” номоо бичиж хэвлүүлсэн юм. Япон улсаас гаралтай сэтгэхүй хөгжүүлэх олон талт ач холбогдолтой бодлогоос бүтсэн ном маань 15 төрлийн 126 дасгал даалгавартай хүүхэд дээр нь ажиллах боломжтойгоор хийгдсэн.
-Бүтээлийн үр өгөөж ямар байгаа вэ. Туршилт судалгааны ажил хийгдсэн үү?
-Номоо гарсаас хойш 1000 гаруй хүүхэд номын маань дасгал, даалгавартай ажиллаж, туршилт судалгааны ажилд оролцлоо. Энэ туршилт судалгаанаас дараагийн цувралуудаа хийх санаа төрж, анхан шат, дунд шат, хүндэвтэр шат, хүнд шатны гэсэн 4 цуврал номыг тус бүрийг нь 126 дасгалтай байхаар бүтээсэн. Туршилт хийх явцад сурагчдын чадамж, төсөөлөн бодохуй хөгжихөөс гадна математик сэтгэлгээ хөгжиж байгаа нь ажиглагдсан.
-Номын нэр содон байна. Яагаад “Тоон сүлжээ 126” гэж нэрлэсэн юм бэ?
-Номоо яагаад ингэж нэрлэсэн юм бэ гэж хүмүүс их асуудаг. Номд багтах бодлогуудаа жагсаагаад тоолоод үзтэл 126 болсон. Миний төрсөн өдөр 1 сарын 26 байдаг. Тэгээд билэгшээгээд, санамсаргүй тохиолдлоор ингээд нэрлэчихсэн. Одоо бол цуврал бүх ном маань 126 дасгалтай. Манай цувралыг 7 настнаас эхлээд насанд хүрэгчид ч оюун ухаанаа дасгалжуулах зорилгоор хэрэглэдэг л дээ. Бодлогын хувьд бас хүүхдэд хэт их дарамт өгөхөөргүй, оюун ухаанаа хөгжүүлэх, мөн авч явахад тээргүй, хөнгөн байх гэх мэт олон талыг бодож хэвлүүлсэн.
-Технологийн цаг үеийн хүүхдүүд дэлгэцийн хамаарал гэдэг шинэ асуудалтай тулгарч байна. Хүүхдүүдийн ном үзэх сонирхлыг ер нь яаж сэргээх нь зөв гэж боддог вэ?
-Японы хүүхдэд зориулсан сэтгэхүй хөгжүүлдэг аргачлалтай уялдуулан бүтээсэн энэ ном бол тоон болон зурагт сүлжээний дасгалуудтай, үр дүн нь дэлхий дахинаа баталгаажсан байдаг. Манай цуврал мөн адил Тоон сүлжээ, Зурагт сүлжээ гэсэн нийт 5 номоос бүтсэн. Хүүхдийн сэтгэхүйн чадварыг хөгжүүлэхээс гадна сууж сурах, дэлгэцийн хамаарлыг багасгах гээд олон давуу талтай. Миний хувьд дасгалуудыг өөрийн орны хүүхдүүдийн онцлогт тохируулан боловсруулсан. 126 дасгал тус бүр нь монгол ардын оньсого таавраар гарчиглагдсан тул монголоор сэтгэх унших ойлгох, төсөөлөх чадварыг дэмжих оньсого таавар цээжлэх ач холбогдолтой.
Зурагт сүлжээний бас нэг онцлог нь математик болон хэлний мэдлэг шаардахгүй харандаа баллууртай л байхад нас болон мэргэжлийн шалгуур тавьдаггүйгээрээ онцлог учраас дэлхий дахинд энэ төрлийн сэтгэхүй хөгжүүлэх дасгалыг сайшаан хүлээж авдаг.
-Хүүхдэд хамгийн түрүүнд аль номыг сонгон авч өгвөл зүгээр вэ?
-Ийм асуулт их ирдэг. Таны хүүхэд анхан, дунд, хүндэвтэр, хүнд түвшний алийг нь ч ажиллаж болно. Цуврал маань бодлогын хүндрэлийг тодорхойлсон тэмдэглэгээтэй тул өөрийн чадвартаа тохируулан сонгож ажиллах боломжтой. Тоонуудын зүй тогтлоор тэмдэглэгээ хийж үр дүнд нь зураг зурахад яг л өөрөө зурсан мэт мэдрэмж төрдөг учраас хүүхдүүдийг хэзээ ч уйдаахгүй донтуулах увидастай гэж хэлж болно.
Өмнө гарсан номыг хэрэглэгчид хүүхэд маань утас үзсэнгүй, унтахгүй хийсэн гэх мэт олон сайханталархал илэрхийлдэг. Энэ нь тухайн хүүхдийг шимтүүлэхээр сонирхолтой байгааг илтгэж байгаа юм. Ийм талархлын үг сонсохоор улам их урмаар тэтгэгддэг.
Номын маань бас нэг давуу тал нь дасгал даалгавар бүрийг ажиллах заавартай. Мөн QR кодыг уншуулаад давхар видео хичээл үзэх боломжтой. Ингэснээр гарах үр дүнг ахиулж байгаа юм. Харин номыг маань хэрэглэгчдийн санаачлагаар сэтгэх чадварын цахим хичээл төлбөргүйгээр хичээллэж эхэлсэн. Энэхүү хичээл нь нийт 3 удаа 40 минутаар хичээллэх бөгөөд цувралд багтсан 8 төрлийн дасгал даалгаврыг хамтдаа хийж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх юм.
-Томчуудын хувьд бас сонирхоод үзэж байх ёстой. Оюун санаагаа хөгжүүлэхэд ач холбогдолтой гэх юм билээ. Энэ талаар?
-Номын дасгал даалгаваруудыг насанд хүрэгчид ч бодох дуртай байдаг. Мартаж санах, зөнөхөөс сэргийлдэг нь дэлхий дахинд судалгаагаар баталгаажсан учраас настай хүмүүс их худалдаж авдаг. Тархи өдөр тутмын ажилдаа дасчихсан байдаг учраас өөр төрлийн дасгал даалгавар хийснээр тухайн хүний тархинд дасгалжуулалт болж өгдөг. Тиймээс ганц эдгээр дасгал гэлтгүй олон төрлөөр тархиа дасгалжуулж болно. Хөл хорионы үед хүүхдүүддээ маш сайн анхаарах нь хүүхдийнхээ ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт гэж ойлгодог. Ялангуяа нийгмийн хөгжлийг дагаад хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар мэдэгдэм сайжирсан. Харин манай энэ цуврал номон дахь бодлогууд орон зайн чадвар гэх мэт сэтгэхүйн нарийн үйлүүдийг дэмжиж өгдөгөөрөө давуу талтай. Мөн эхэлсэн ажлаа дуусгах, сууж сурах, ерөнхийгөөс нарийн руу, нарийнаас ерөнхий рүү сэтгэх, орон зайн чадамж, төсөөлөн бодохуйг хөгжүүлэх гээд маш олон ач холбогдолтой.
Эх сурвалж: Өдрийн сонин