ЭМЯ-наас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021.05.07-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Энэ үеэр АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Мөнхцэцэг “COVID-19 халдвар ба жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн тусламж” сэдвээр мэдээлэл өглөө.

Анх коронавирусийн халдвар гарах үед жирэмсэн эмэгтэйчүүдэд харьцангуй эрсдэл багатай гэж үзэж байсан. Гэвч сүүлийн үед дэлхийн улс орнууд коронавирусийн халдвар жирэмсэн эмэгтэйчүүдэд өндөр эрсдэлтэй гэж үзэж байна. Учир нь цар тахлын үед эхийн эндэгдэл, хүндрэл, ураг амьгүй болох, умайн гадуурх жирэмслэлт, дутуу төрөлт зэрэг жирэмсний хүндрэлүүд илүү өндөр тохиолдож байна.

Монгол Улсын хувьд “COVID-19”-ийн халдвартай 300 орчим төрөлт явагдсан. Үүнээс ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн 98 эхчүүдэд судалгаа хийхэд 50 хувь нь уушгины хатгалгаатай буюу хүнд хэлбэрээр өвчилсөн. Төрсөн нярайд 2 халдвар илэрсэн. Коронавирусийн халдвар авсан үедээ төрсөн эмэгтэйчүүдийн 26 хувь нь кесарев хагалгаагаар төрсөн. Мөн уушгины хатгалгааны улмаас эхэд хүчилтөрөгчийн дутагдал үүсэж байгаагаас шалтгаалан нярай хүчилтөрөгчийн дутагдалтай төрөх болон амьгүй төрөлт нэмэгдэж байна. Түүнчлэн халдварын улмаас эмнэлгийн заалтаар заавал дутуу төрүүлэх шалтгаанууд бий болж байгаа. Дутуу төрөлт нэмэгдэнэ гэдэг нь нярайн эндэгдэл нэмэгдэх эрсдэл юм” гэлээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн