Бельгийн хил орчимд эдлэн газар эзэмшдэг нэгэн фермер трактороо чөлөөтэй явуулахын тулд хилийн чулуун тэмдгийг хөдөлгөсөн хэрэг гарчээ. Үүний улмаас Францын нутаг дэвсгэрээс хорогдож, Бельгийн эзэмшил газар нэмэгдсэн аж.
Чулууг хөдөлгөсөн байхыг ойгоор зугаалж явсан Бельгийн түүхч илрүүлжээ. Үүний дараа Бельгийн хил орчмын коммуны дарга Дэвид Лаво зэрэг бусад хүмүүс мэдэж, “Мань эр Бельгийн газраа нэмэгдүүлж, Францынхыг хорогдуулжээ. Гайхалтай санаа байна. Хот маань илүү том болсонд баяртай байна” гэж мэдэгдсэн аж.
Францын газар нутгаас 2-3 метр газар хорогдуулсан нь олон улсад дуулиан болоогүй байна. Харин ч эрх бүхий хүмүүс, энгийн иргэд ч инээдэм болгон хүлээн авсан гэнэ.
“Газар нутгийн төлөөх шинэ дайнаас зайлсхийж чадна гэж бодож байна” хэмээн Бельгитэй хил залгаа орших Францын Бусинье-сюр-Рок тосгоны дарга Орели Велонек тэмдэглэсэн байна.
Мэдээж түүх, улс төрийн хувьд шударга байх үүднээс фермер хилийн чулууг өөрийн гараар байсан газар нь байрлуулах ёстой. Ингээгүй тохиолдолд Франц, Бельгийн хилийн тэмдэглэгээний олон улсын хороо байгуулж, маргааныг шийдвэрлэх ёстой юм байна.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта