Хавар болоход хүмүүс шинэ гарсан яргуй идвэл хүч тамир орно гэж үздэг. Гэхдээ ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идсэн ихэнх тохиолдолд могойн яр өвчин тусдаг. Монголчууд үүнийг лусын өвчин ч гэдэг. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа хэрэглэх хэрэгтэй.
Эрт үеэс эхлэн хөмүүлийг тэнгэр дуугарч, бороо орсны дараа түүж хоол, хүнсэндээ хэрэглэдэг. Яг үүнтэй адил эмийн ургамал өөр өөрийн гэсэн амт чанар нь тод буух цаг үед нь түүж хэрэглэвэл үр өгөөжөө өгдөг. Ганцхан түүлтээр идэх нь долоон тамир, гурван хий, таван махбоддоо өөрчлөлт оруулах нь түгээмэл юм.
Яргуйг зүгээр нэг түүгээд идээд байж болохгүй. Ихэнх хүн долоо, найм, есөн яргуйг нэг дор түүж идвэл хоолойн ангина болон зарим өвчинд сайн гэж хошуурах юм. Нөгөөтэйгүүр яргуй идсэн малын мах, гөрөөсний цус сайн гэж ууж, идэх гэж тэмүүлэх нь их болжээ. Ингэж байгаа нь тун харамсалтай юм. Яргуй идсэн ямааны махыг борцолж шөлтэй хоол, цайндаа чимх чимхээр хийж иддэг эртний мэргэдийн ёс уламжлалд байдаг. Энэ л хамгийн шилдэг, зөв арга ажээ.
Тиймээс хаврын улиралд яргуй иднэ гэж гүйхийн оронд нарс модны болон далийн цэцэгт сууж, шим сайтай идээ, ундааг сонгож хэрэглэх нь зохистой юм. Ургамал ногоо нь хүний биеийг сэргээдэг хэдий ч хаврын улиралд гашуун, гашуувтар амттай идээ, ундаа түлхүү хэрэглэвэл хүний бие махбодод ашиг тусаа өгнө.
Түүнчлэн хонь, үхрийн мах хаврын улиралд шим тэжээл сайтай байдаг. Ялангуяа, эл махаар шөлтэй хоол зонхилон хийж идвэл биеийн дархлааг сайжруулж, тамир тэнхээ оруулдаг. Биенийхээ муу хөлсөө гартал шөлтэй хоол идэх, хөлсөө чийхартал алхах хэрэгтэй. Хөлсөө сайн гаргавал биед хуримтлагдсан хор тэр хэрээр гадагшилна. Харин өвлийн хүйтэн улиралд арьсны нүх сүв ихэнх нь битүү байдаг. Тиймээс арьсныхаа нүх сүвийг онгойлгож, дархлаагаа дэмжих үүднээс халгай, арц, дальтай ваннд сууж, үс, толгойгоо угаавал тамир, тэнхээг дэмжинэ.
Updown.mn