Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.05) хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 84 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Өчигдөр уг асуудлыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг байлцуулж, хэлэлцэх санал гарган, шийдвэрлэснээр хуралдааныг хойшлуулаад байсан юм.
Өнөөдөр Байнгын хорооны хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн талаар танилцууллаа.
Мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр товч танилцуулга, мэдээлэл хийв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн учир хянуулах нь зүйтэй гэсэн агуулгатай хүсэлтийг 2021.02.09-нд Цэцэд гаргасан. Мөн 2021.03.11-нд бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн өмнөх шаардлагаасаа татгалзаад, зургаан асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг дахин тавьсан байгаа. Энэ хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц хуралдаад 03 тоот дүгнэлт гаргасан. Дүгнэлтдээ зургаан асуудлын тав нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж тусгасан бол нэг асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэж тусгасан. Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт нь Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнгээр сонгон шалгаруулж, Улсын Их Хурал томилох нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан шинжтэй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг зөрчсөн гэсэн агуулгатай юм гэлээ.
Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Дэлгэрсайхан нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай болсон, яагаад ийм дүгнэлт гаргасан үндэслэл нь тодорхой харагдахгүй байна хэмээн байр сууриа илэрхийлж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй талаар хэллээ.
Үргэлжлүүлэн Үндсэн хууль зөрчсөн гэсэн хэсэг тус бүрээр санал хураалт явуулав. Нийт 45 саналын томъёолоор санал хураалт явуулж, шийдвэрлэлээ. Санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.