Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газруудыг чөлөөлж эхэлсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250, дүүргийн Засаг даргын А/131, А/137 захирамжийн хүрээнд зөвшөөрөлгүй 300 орчим газрыг чөлөөлөхөөр ажиллаж байгаа аж.
Тус дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа 32 байршлийн 228 обьект, 68 түргэн үйлчилгээний цэгүүдийг чөлөөлөхөөр ажиллаж байна. Эдгээр тоосгон болон бетон гарааш, түргэн үйлчилгээний цэгүүд ямар нэгэн эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүй юм байна.
Тиймээс эдгээр байршлуудад ямар нэгэн обьект байршуулан ашиглаж иргэд, аж ахуй нэгжүүдийг өөрийн хүсэлтээр нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөхийг сануулж байгаа аж.
Тухайн газрыг чөлөөлснөөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг албаныхан хэлж байна. Иймд Иргэн та нийгмийн эрх ашгийг дээдлэн нийслэлийг хөгжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй дээрх ажлыг дэмжин, газраа чөлөөлөхийг уриалж байна.
Г.Оюухай