МАН-аас хэвлэлийн хурал зарлаж Баян-Өлгий аймгийн 35 000 сонгогчийн саналыг дахин тоолох шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн гэдгээ мэдэгдэв. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Санал хураалтын шөнө Баян-Өлгий аймгийн сонгогчдын санал удааширч ирсэн. Энэ нь сонгуулийн дүнд МАН-аас нэр дэвшигчийн хийсэн ажиллагаа” гэсэн утгатай мэдээллийг түгээсэн юм.
МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга сая хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгдэхдээ “МАН сонгуулийн дүнд нөлөөлсөн гэсэн нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээллийн дагуу, нийтэд үүсч болзошгүй эргэлзээг тайлахын тулд Баян-Өлгий аймгийн 35 000 сонгогчийн саналыг дахин гараар тоолох. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн улс төрийн намуудын төлөөллийг байлгах шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ.
Сонгуулийн тухай хууль батлагдаж байхад УИХ-д олонхийн суудалтай байсан АН-д сонгуулийн санал хураалтыг 100 хувь автомат төхөөрөмжөөр тоолохоос гадна 100 хувь гараар буюу техникийн тооллого хийх саналыг МАН тавьж байсан. Гэсэн хэдий ч хууль батлагдахдаа техникийн тооллогыг сонгуулийн хэсгийн хороодын 50 хувьд хийнэ гэдгээр батлагдсан. Баян-Өлгий аймагт техникийн тооллого хийсэн хэсгийн хороодын санал автомат төхөөрөмжийн тооллого хоёр зөрөөгүй ч МАН сонгуулийн дүнд шударга хандах, эргэлзээг тайлах үүднээс ийм шаардлага хүргүүлсэн гэж мэдэгдэв.
Харин Баян-Өлгий аймгаас ирсэн албаны хүн “Манай аймгийн сонгуулийн дүн сонгуулийн жил бүр оройтдог. Аймаг 12 сумтай, бүгд үүрэн телефонд холбогдсон ч ихэнх багууд холбогдож чадаагүй. Малчид зусландаа гарчихсэн. Төвөөс алслагдсан сум ихтэй, зам бартаатай, зарим айлууд төвөөсөө 200 км хүртэл нүүж зусдаг учраас мэдээлэл авах, хүргэхэд хүнд байдаг. Сонгуулийн тухайд сонгууль хуулийн хүрээнд шударга явагдсан. Бүх хэсгийн хороод дээр намуудын төлөөлөл, цагдаагийнхан ажилласан гэв.