Монгол Улсын Засгийн газар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлсэн.
Багануур ХК нь Монгол улсын эрчим хүчний хэрэглээний нүүрсний 60 гаруй хувийг дангаар хангадаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц стратегийн ач холбогдол бүхий уурхайн хувьд 2021 оны 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд “AstraZeneca” вакцины эхний тун, 2021 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 2 дахь тунг хийлгэх ажлыг зохион байгуулж, нийт ажилчдынхаа 96.8 хувийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулсан.
Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа тус салбарын байгууллага аж ахуйн нэгжүүд хууль тогтоомжийг сахин биелүүлж хариуцлагатай байх үүрэгтэй.
Иймээс та бүхэн нийгмийн хариуцлагаа биелүүлж, ажилчдаа дархлаажуулалтанд бүрэн хамруулахыг уриалж байна.
Эх орны эдийн засагт голлох үүрэгтэй салбарт ажилладаг уурхайчид бид Монгол улсын Үндсэн хуулийн 17.2-т заасан эрүүл мэндээ хамгаалах журамт үүргийг сахин биелүүлж хариуцлагатай, сахилга баттай байж хамтын хүчээр цар тахлыг даван туулж “КОВИДГҮЙ ЗУН”-ыг угтацгаая.
Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам