Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 оны тавдугаар сарын 3-ныг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн зарласнаас хойш 28 жил өнгөрчээ.
Тус өдрийг энэ жил “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө” урианд дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг цахимаар зохион байгуулж, Монголын сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар салбарынхан санал бодлоо солилцлоо.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэнд хүргэе. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сэтгүүл зүйн салбар төдийгүй бүхий л салбар хүнд цаг үеийг туулж ирлээ. Манай салбарт тулгамдсан асуудал ч их гарсан. Тухайлбал, цар тахлаар далимдуулан төрийн албан хаагчид эх сурвалж болохоос татгалзах, төрийн тусгай обьект руу орж гарахыг хориглосонтой холбоотойгоор нээлттэй сурвалжилгахийх боломж хомстох, албаны мэдээ голчилдог болох, зар сурталчилгаанаас үүдэлтэй санхүүжилт хүндэрсэн зэргээр хараат бус чөлөөт хэвлэлийн шинж чанар бүдгэрсэн. Үүнийг бид тухай бүр сануулж явахгүй бол хараат бус байдлаа алдахад хүрэх аюултай. МСНЭ-ээс хайрцаглагдсан мэдээллийг нэгтгэн түгээдэг явдалтай нэгдэхгүй гэдгийг гаргасан. Хэвлэлийн эрх чөлөө бол олон нийтийн мэдэх эрхтэй холбоотой чухал асуудал” хэмээн форумыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Үргэлжлүүлэн Сэтгүүл зүйн ухааны доктор С.Энхцэцэг “Эрсдэлийн харилцаа ба иргэдийн оролцоо” сэдвээр тавьсан илтгэлдээ дараах зүйлийг онцлов.
Тэрбээр “Дотоодод халдвар алдсанаас хойш сэтгүүл зүйн салбарынхан бүх зүйлээ өөрсдийн нөөцөөрөө хийж ажиллаж байгаа билээ. Эрсдэлийн харилцаа гэдэг нь тулгамдсан асуудал үүсэх үед эрсдэлийг бууруулах, засах, төлөвлөгөөт, цогц хариу арга хэмжээг хэлнэ. Тодруулбал,
- Эрсдэлээ тодорхойлно, үнэлнэ /судалгаа/
- Тохирсон хариу арга хэмжээгээ төлөвлөнө
- Хэрэгжүүлнэ
- Хэрэгжилтийн үр дүнг хэмжихийг хэлнэ.
Стратегийн зорилтуудын хувьд:
- Олон нийтийн санаа бодолд нөлөөлж үр дүнд хүрэхүйц сайн төлөвлөгөө хэрэгжүүлэх замаар хамтран ажиллах, иргэдийн оролцоог дэмжих
- Тоо баримтад тулгуурлан төлөвлөх учирч болзошгүй эрсдэлийн талаар иргэд үнэн зөв мэдээлэлтэй байх
- Иргэдийн оролцоот үйл ажиллагааны үр нөлөөг хэмжих, чадавхжуулах,
- Иргэд олон нийттэй хамтрах, зохицонгуй байх, идэвхжүүлэн зоригжуулж байх учиртай. Биднийг цаашид юу хүлээж байна вэ?
-Тодорхой бус байдал үргэлжилнэ
-Дархлаажуулалтыг орон нутагт идэвхэжнэ
-Тахлын синдром
-Итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх ажлууд улам идэвхэжнэ
-Иргэдийн оролцоо, хамтын ажиллагааны үнэ цэн
-Хуурамч мэдээллийн дайн хүлээж байна” хэмээв.
Түүнчлэн УИХ-аас 2020.01.10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцдог болоод буй.
Эрүүгийн хуулийн 13.14, 14.2, 14.3, 14.8 дахь хэсэгт зааснаар сэтгүүлч холбогдсон хэсгийн судалгаанаас харвал, 2020 оны нэгдүгээр сарын 10-наас есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдсон 118 хэрэг бүртгэгджээ. Эдгээр хэрэг нь бүгд хэрэгсэхгүй болсон бөгөөд шийтгэгдсэн хэрэг байхгүй байна.
Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.14-т Худал мэдээлэл тараах зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ.
“Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Занданшатар гишүүдэд үүрэг өгч, үүргийн дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар хамтран Эрүүгийн хуулиас тус зүйл заалтыг хасах хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сард өргөн барьсан” гэдгийг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар хэлэв.