Өчигдөр буюу 2021.05.02-ны өдөр болсон Ардчилсан намын ээлжит бус их хурлын төлөөлөгчид намын хороод дээрээ биеэр очиж өгсөн нууц санал хураалтын дүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай Үндэсний Бодлогын Хорооны шийдвэрийг баталгаажууллаа.
Ийнхүү нийт гишүүдийн шууд санал асуулга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дундах нууц санал хураалт, их хурлын төлөөлөгчдийн санал гэсэн 3 шатны шалгаруулалтын үр дүнд тодорсон нэр дэвшигчийг Ардчилсан намаас намынхаа дүрэм болон хуулийн хүрээнд төрийн сонгуульд сойж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нь 2008-2014 оны хооронд Ардчилсан намын даргаар 6 жил ажиллахдаа УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн зэрэг бүх шатны сонгуулиудад намаа удирдан ялуулж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан намын лидер, төрийн зүтгэлтэн юм.
Нэр дэвшигчийг тодруулах шалгаруулалтыг тус намын өмнөх ээлжит их хурлаас байгуулагдсан Дотоод сонгуулийн хороо зохион байгуулж үе үеийн удирдлагаас дамжин ирсэн хуулийн хувьд хүчин төгөлдөр тамга, тэмдэг дарагдсан болохыг хурлын тэргүүлэгчид онцолж байв. Ташрамд дурдахад Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг УИХ-ын гишүүн Н.Ганибал даргалж УИХ-ын гишүүн, тус намын дарга О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, С.Ганбаатар нар тэргүүлэгчээр ажиллав. Мөн нэр дэвшигчийн материалыг СЕХ болон бусад төрийн байгууллагад хүргүүлж төлөөлөн ажиллахыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт даалгасан. Энэ дагуу нэр дэвшигчийн материалыг өчигдөр /2021.05.02-ны орой/ Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгсөн юм.