УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, дотоод сунгаанд нэр дэвших өргөдлөө өглөө. Тэрбээр 2020 оны УИХ-ын гишүүний сонгуульд Эрдэнэт хотод бие даан өрсөлдөж, сонгогдсон юм.
Тэрээр “Би өчигдрийг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ гэдэгт бүрэн итгэлтэй байв. Гэвч МАН хүчиндсээр энэ маргаанд цэг тавьчихлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө сонгуульд өрсөлдөх юм байна. Энэ хүн хууль зөрчиж байна. Би өрсөлдөх шийдвэрээ дөнгөж өчигдөр гаргалаа. Шударга бусын хонгилыг устгана. МАН-ыг би дөрвөн жил харлаа. Тэдэнд зориг зүрх байхгүй байна. Хулчгар, зовлон дундуур явж үзээгүй, ажил мэдэхгүй, зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. Би намаасаа гараагүй. Намайг С.Эрдэнэ дарга гаргахдаа намын дүрмийг зөрчсөн тул намайг намаас гаргасан үйлдлийг нь хүчингүй болгосон” гэлээ.
Түүнчлэн АН-ын Дотоод сонгуулийн хороонд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, өчигдөрхөн АН-д элссэн С.Ганбаатар нар өрсөлдөхөө илэрхийлж, материалаа хүргүүллээ.
Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчийн хүсэлтийг тавдугаар сарын 1-н хүртэл хүлээж авах юм.
Л.Баяр