Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай зарим иргэдийг хүлээн авч эмчилж буй юм. Тус эмнэлгийн барилгын зүүн жигүүр буюу шинээр баригдсан өргөтгөлийн хэсгийг тусгаарлан ковидтой өвчтөнүүдийг хүлээн авч байна.
Харин тухайн бүсэд коронавирусийн халдвартай иргэдэд тусламж үзүүлж байсан тус эмнэлгийн сувилагч өнгөрсөн шөнө 00.30 цагийн орчимд зургаан давхрын цонхоор унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан.
Харин уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Нэгдүгээр эмнэлгийн гадна өндрөөс унасан байдалтай хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн газар очиж шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхлээд дөнгөж арав хэдэн цаг болж байна. Бид амь хохирогч амь насаа алдах болсон шалтгаан нөхцөлийг тодруулах, хэргийн бодит үнэнийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна. Амь хорирогч 42 настай Э гэсэн хүн байсан. Хэргийн оролцогчдын тухай мэдээлэл өгөх боломж байхгүй байна. Тухайн 6 давхар нь улаан бүс байсан. Хэвлэлийнхэн бас хүлээцтэй хандаарай. үхлийн шалтгаан нөхцөл задлан шинжилгээний дараа гарна” гэлээ.
Л.Баяр