ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дархлаажуулалтын үйл явц болон вакцинтай холбоотой мэдээлэл өглөө.
-Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болох уу?
-Болно. Аль ч вакцин хийлгэсний дараа хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлж болно. Тэгэхээр вакциндаа ч хамрагдан хүүхдээ ч хөхүүлэх боломжтой.
-Жирэмсэн байснаа мэдэлгүй вакцин хийлгэсэн иргэд байна. Энэ сөрөг нөлөөтэй болов уу. Хоёр дахь тундаа хамрагдах хэрэгтэй юу эсвэл үгүй юү?
-Дэлхий дахинд шинэ вакцин бүтээгдээд жил ч болоогүй учир үргэлжлүүлээд судалгаа хийж байна. Одоогоор Америк болон бусад улс орнуудад жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцинд хамруулах ажиллагааг зохион байгуулаад судалгаа хийж байна. Жишээлбэл, АстраЗенека, Фпайзер вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж, үр дүнг нь судлах ажлуудыг хийж байна. Тэгэхээр вакциныг жирэмсэн эмэгтэйд хийснээр урагт болоод жирэмсэн эмэгтэйд ямар нэгэн гаж урвал, нөлөө байхгүй учир жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулахыг зарим улс зөвлөж байгаа. Үүнтэй адил жирэмсэн эмэгтэй өөрөө хүсвэл вакцин хийлгэж болно. Мэдээж эсрэг заалт байна уу, үгүй юү гэдгийг эмч шийдэж байж эцэст нь вакцинд хамрагдах эсэхийг зөвлөх учиртай. Өөрөөр хэлбэл эмч тухайн эхийн эрүүл мэндийн байдал ямар байгааг үнэлж байж вакцин хийхийг эцсийн байдлаар зөвлөх болно.
Л.Баяр