Эзэн Чингисийн хөшөөний өмнө гав ганцаараа гарч ирээд, ямар ч үзэгчгүй Төв талбай руу харан зогсоод өөртөө нэн итгэлтэй мэдэгдэл хийсэн Ерөнхийлөгчөө иргэд шоглон үнэхээр “Энтертаймент хүн” юм хэмээн тодорхойлж байна. Ерөнхийлөгч сүүлийн хагас жил ууртай яваа. Уурлаж байгаа шалтгаан нь жил илүү хугацааны өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт. Энэ өөрчлөлтийг өөрийн гараар ёслон баталгаажуулсан хэрнээ одоо яагаад Үндсэн хуулиа үгүйсгэн уурсаж байгаа вэ гэдгээ харин Ерөнхийлөгч ард түмэндээ үнэнээр нь хэлж чадахгүй өөрийгөө зовоож байгаа юм.
Үнэн хэрэгтээ бол 2025 оны тавдугаар сарын 25-нд шинээр мөрдөгдсөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгохоор болсон. Энэхүү заалтын дагуу Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон нь Ерөнхийлөгчийн тав тухыг алдагдуулж, хаврын улс төрийг улайсгаж байгаа юм. Үндсэн хуульд орсон энэ өөрчлөлтийг Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэдэж байсан ч юу ч хийгээгүй. Хуулийн хугацаанд багтан өөрийн нэр дэвших боломжоо баталгаажуулж авах боломжтой байсан ч тэр энэ асуудалд анхаарал тавиагүй. Ерөнхийлөгчийн энэ “мэдрэмжгүй” алхамыг хуульчид болон улс төрчид “Х.Баттулгад зөвлөөд өгөх сайн хуульч байгаагүй, өөрөөс нь болсон” хэмээн тайлбарлаж байгаа бол боломжоо алдсан, нүүгээгүй хоцорсон нүүдлийнхээ талаар хэргийн эзэн огт ам нээхгүй байгаа юм.
Сайн хуульчгүй, сайн зөвлөхгүй Ерөнхийлөгчийн уур дээд цэгтээ хүрч Үндсэн хууль болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн Үндсэн хуулийн цэц дээр хоёр ч удаа өөрийн биеэр давхиад очсон. Гэхдээ энэ бол Цэцэд нөлөөлөх оролдлого хийж байна гэж хатуухан шүүмжүүлсэн Х.Баттулгын албан тушаалдаа үлдэх сонирхлын дөнгөж эхлэл нь байжээ. Цэцийн шийдвэр хуулийн талд гармагц өрсөлдөгч намаа тараах зарлиг гаргаж, ард түмнээ жагсаал цуглаанд турхирч, Зэвсэгт хүчний жанжин штаб руу гүйж сүрийг үзүүлэх гэх мэт олон арга хэмжээ түүний араас жагсаж байжээ. Энэ бүх үйлдлүүд тус тусдаа дэмжлэг авах төлөвлөгөөтэй. Сошиал орчинд гэхэд дэмжигчид нь “Ерөнхийлөгчөө төрийн эргэлт хий, цэргээ хөдөлгө” хэмээн хөөрцөглөх нь аймаар.
Ерөнхийлөгч Х.Баттулгын эсэргүүцэл У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулсан жагсаалаар эхэлж, Г.Баасан, МоАХ-аас өрнүүлсэн их, бага хэмжээний жагсаалууд, Цэцийн гадаа цугларсан МоАХ-ын гишүүдийн үймээн, хамгийн сүүл нам бус залуучуудыг хөдөлгөсөн тролл хаягуудын эсэргүүцлээр үргэлжилж байгаа. Энэ бүгд ямар нэгэн байдлаар Х.Баттулгатай холбогдож ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалж, амгалан тайван байлгах үүрэгтэй Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг задлан бутаргаж байгаа нь ил болж эхэлж байна.
Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэсэн энтертаймент энэ хүрээд дууссангүй. Улсын дээд шүүхийг шүргэж, бүр хилийн дээс давсан байгаа. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам тархи угаалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын пиар компанитай олон мянган долларын гэрээ байгуулсан мэдээ цацагдсан. Гэрээнд нэр нь бичигдсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан, гарын үсэг зурсан О.Цогтгэрэл нар “энийг би хийгээгүй” гэж гүрийсэн. Гэвч энэ гэрээг тэд биш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийж, Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын нөлөөллийн компанийг татаж оролцуулахаар оролдсон баримт АНУ-ын хэвлэлүүдээр дэлгэгдэж байна. Гэрээ хийсэн АНУ-ын DCI компани гэрээний Монгол дахь хамтрагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хэмээн нэрлэж, ЕТГ-аас бэлтгэсэн мэдээг ямар ч засваргүйгээр, төлбөртэй мэдээлж байгаагаа зарлалаа. Ерөнхийлөгчийн Төв талбайд хийсэн мэдэгдэл монголчуудад зориулсан биш АНУ-ын пиар компанийн ашиглах материал, Чингисийн хөшөөг төв талбайдаа залсан Монголд ийм юм болоод байгааг харуулах гэсэн энтертаймент байжээ. Гайхалтай нь ард түмнийхээ аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаараа ганц ч үг дуугарсангүй. Баримт өөрөө баримт байдаг учраас тэр одоохондоо хэлэх үгээ бэлдэж амжаагүй байж ч болох юм.
Иргэд харин сүүлийн үед Ерөнхийлөгчдөө сэтгэл дундуур хандах болжээ. Х.Баттулга цар тахал дэгдэж, олон хүн нас барж байхад эмгэнэл илэрхийлээгүй хэрнээ айдас төрүүлэм мэдэгдэл хийж, ард иргэдээ түгшээж болохгүй хэмээн шүүмжилж байна. Ийм хүнд хэцүү үед Төрийн ордон, төв талбайгүй мэдэгдэл хийж ард иргэдээ хэрүүл тэмцэлд уриалах нь гутамшигтай. Өвчин тахал ихтэй үед хүүхэд залуучуудыг минь тайван байлга, таны биш ардын хүүхэд хохироод үлдэнэ. Бид элэг бүтэн амьдармаар байна гэж иргэд хувийн цахим хуудастаа бичих боллоо.
Ерөнхийлөгчийн тэмцлийн санаа сэдлийг Мьянмарын цэргийн эргэлтийг иш татан буруутгаж байгаа хүмүүс ч байна. БНХАУ-тай хил залгаа Мьянмарт хэдхэн сарын өмнө цэргийн эргэлт гарч, улс төр, эрх мэдлийн сэдлээс үүссэн хямралын золиосонд олон арван энгийн номхон иргэд өдөр бүр амь насаа алдаж байгаа. Хөрш хөршдөө дургүй гэсэн үг Мьянмарт ч үйлчилдэг. Ард иргэд нь хятадуудад нь таатай ханддаггүй. Хятадын үйлдвэрүүд, Хятад руу дамжсан хийн хоолой Мьянмараар дамждаг учраас “гарч болзошгүй эрсдлээс хамгаална” гэсэн бодлогоор Хятад улс цэргийн эргэлт гарсан Мьянмарын хил дээр цэрэг армиа байрлуулжээ.
Ямар ч улс орны дотоодод гарсан үймээн самуун зөвхөн тэр улс орондоо өрнөөд зогсчихгүй. Хил залгаа улс орнуудыг хамарч, цаашаа дэлхийн улс орнуудад нөлөө үзүүлж байгааг интернэтэд ойр, төрөл бүрийн сувгаар мэдээ авдаг хүн бүхэн ойлгох болсон. Ийм цаг үед эх орондоо үймээн дэгдээж, үндэсний эв нэгдлээ хагалан бутаргахаар иргэдээ турхирах нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүнээс гарах араншин мөн үү. Манай Ерөнхийлөгчийн энтертаймент арай хэтэрч байна аа!
Б.ИРЭЭДҮЙ