Булган аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Анандбазартай холбоотой бэлгийн хүчирхийллийн асуудал нийгэмд хурцаар яригдаж эхэлсэн. Иргэн Б.Сүндэръяа өөрийг нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчирхийлж, сүрдүүлсэн гэх гомдлыг Цагдаа прокурорын газарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх охид, бүсгүйчүүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гомдол гаргагч Б.Сүндэръяад хандсаар байгаа аж.
Хуулийн байгууллагаас иргэн Б.Сүндэръяагийн гомдлын дагуу хэрэг үүсгэж шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас тайлбар мэдүүлэг авсан, яллагдагчаар татах эсэх нь талаар мэдээлэл алга байна.
Эл асуудалтай холбоотойгоор Булган аймгийн Залуучуудын холбооноос УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад “Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн зүй бус асуудалд нэр холбогдон нутаг усны нэрийг сэвтүүлж байгаа учраас Ц.Анандбазар нэн яаралтай сайн дураараа хууль хяналтын байгууллагад шалгуулж, асуудлын үнэн мөнийг тогтоолгохыг шаардаж байна” гэжээ.