Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильевтэй цахимаар уулзлаа. Уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөлд хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч байгаагаа талууд харилцан илэрхийлэв.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильев ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, ойрын хугацаанд цахим яриа хэлэлцээрийг өрнүүлэх саналыг танилцуулав. Мөн Екатеринбург хотноо 2021 оны долдугаар сарын 6-9-ний хооронд зохион байгуулах олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ-2021” үзэсгэлэнд Улаанбаатар хотын төлөөлөгчдийг оролцохыг урин, тус үзэсгэлэнгийн үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжтойг дурдав.
Харин нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа төдийгүй хоёр талын хотуудын харилцаа идэвхтэй өрнөж, харилцан туршлага судлан, олон бодит үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирснийг онцлов. Тэрбээр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын зүгээс санал болгосон хамтран ажиллах саналыг судалж үзэн, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС