МАН МАХН-тай нэгдсэн талаар намын удирдлагууд нь мэдэгдлээ. Нэгдэх болсон шалтгааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд дараалан барих эрхийг авсан. Энэ эрхийг бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна” гэлээ.
Харин МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ “Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид байна. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой” гэв.
Ийнхүү МАХН МАН-тай нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байдаг.
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хуулийн дагуу УИХ-д суудалтай нам эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Бид УИХ-д байгаа 62 нөхөдтэйгээ угсаа гарал, үүх түүх, үзэл баримтлал нэгтэй. Тиймээс энэ удаагийн сонгуульд МАХН өрсөлдөхийн төлөө биш эвлэлдэх байр суурь баримталж оролцоно. Нэг нам болохоор зорьж байж сонгуульд өрсөлдөнө гэдэг утгагүй зүйл. Бидэнд нэр дэвшүүлэх бололцоо байгаа ч гэсэн эх орныхоо эрх ашгийг бодож МАН-аас нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж сонгуульд оролцоно.
Манай С.Ганбаатар дарга сайн нэр дэвшигч байна гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. Гэхдээ бид энэ асуудлаар ний нуугүй ярилцсан. С.Ганбаатар минь чи бид хоёр Оюутолгойг өөрчилье, Дубайн гэрээг хүчингүй болгоё, байгалийн баялагийг ард түмэндээ өгье гэж байгаа. Хоёулаа яг энэ ажлыг бодитой хийж чадах 62 хүнтэй хамтраад хийх боломж байсаар байтал заавал тийм хүнд замаар явж эдэнтэйгээ сөргөлдөж, хоорондоо хагаралдаж явах нь утгагүй юм. Ингэж амьдралаа, цаг хугацааг үрэн таран хийж болохгүй гэж бид ярилцсан. С.Ганбаатар дарга маань ойлгосон гэж найдаж байна.
Дахин хэлье МАН-аас хэн нэр дэвшинэ тэр хүнийг Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгуулахын төлөө хамтран ажиллана” гэжээ.
Н.Батаа