Энэтхэгийн хүн амыг гэртээ ч амны хаалт зүүхийг уриалж байна. Ялангуяа гэрт нь коронавирусийн өвчтөнтэй бол энэ нь илүү чухал хэмээн NDTV мэдээлжээ.
Ерөнхий сайд Нарендра Модигийн вакцины асуудлын зөвлөх бүлгийн тэргүүн, доктор Винод Пол гэрт нь COVID-19-ийн батлагдсан тохиолдол гарсан бол дотор байхдаа ч амны хаалтаа зүүх нь чухал, учир нь вирус өрөөгөөр тархсан байгаа гэж мэдэгджээ.
“Гэр орондоо ч амны хаалт зүүх цаг ирлээ. Өмнө нь бид гэрээс гадуур гарахдаа зүүгээрэй гэдэг байсан бол одоо халдвар тархсан учир гэр орондоо, хэн нэгэнтэй хамт байхдаа зүүх хэрэгтэй болоод байна” хэмээн Пол тэмдэглэсэн аж.
Энэтхэгт халдварын хоногийн өсөлт тав дахь өдрөө дараалан рекорд үзүүлэлт заажээ. Өнгөрсөн хоногт тус улсад 352 991 шинэ тохиолдол гарсан нь дэлхийн хоногийн халдварын хамгийн өндөр үзүүлэлт юм.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди халдварын нөхцөл байдал огцом муудсантай зэрэгцэн энэ улсад “коронавирусийн шуурга” нүүрлэлээ гэж зарласан аж.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулсан Э.Март