Аргентины Ерөнхийлөгч асан Кристина Киршнер нөхрөөсөө энэ суудлыг залгамжлан авсан юм. Энэ бүсгүй зарим нэгний бахархал бол зарим нь түүний гоёл чимэглэл, гоо сайхны мэс засалд үрсэн хэдэн сая доллараар нь шүүмжилдэг. Аргентины хэвлэлүүдээр түүний улс төрийн бодлогоос нь илүү энэ асуудлыг нь түлхүү бичдэг гэхэд болно. Үүнээс гадна Киршнерийг хээл хахууль, авлигын схем зохион байгуулсан гэж буруутгадаг. Тэрбээр сэтгүүлчидтэй байнга л тулалдаж, тэднийг илжгүүд, тэнэгүүд гэдэг байлаа. Кристина Киршнер хэмээх энэ эмэгтэй тансаг амьдралынхаа мөнгийн яаж олж байсан тухай “Лента.ру” сайт орон орны удирдагчдын тансаг амьдралын тухай материалдаа өгүүлснийг орчуулан хүргэж байна.
«Ядуу гуйлгачин шиг хувцаслачихвал би сайн удирдагч байна гэж үү?»
«Надад хоёр шунал бий. Энэ бол улс төр, шоппинг хоёр » хэмээн Аргентины Ерөнхийлөгч асан Кристина Киршнер нэгэн удаа хэлж байсан удаатай. Киршнерий захилагаар Парисаас Буэнос-Айрес руу долоо хоног бүр Dior-ын бараа битүү ачсан онгоц нисдэг байжээ. Загварын энэ ордонд тэрбээр бусдаас илүү дуртай. Гэхдээ тэр Chanel, Louis Vuitton, Hermes, Christian Louboutin ч дуртай л даа.
Ерөнхийлөгчийн бүхий л үйл ажиллагааг сайтар мэдээлдэг Аргентины хэвлэлүүд төрийн тэргүүнээ хэзээ ч нэг хувцастайгаа хоёр удаа олны өмнө гарч байгаагүйг бичиж байсан юм. Аргентинчууд үүнээс нь болоод түүнийг “Тэр хими цэвэрлэгээнд хэмнэлт хийхийн тулд тэгдэг биз” хэмээн хошигнодог байжээ.
Аргентины сонинууд Кристинаг жил бүр хувцсандаа 350 мянгаас багагүй ам.доллар зарцуулдаг гэж тооцоолжээ. Шилтгээнд эдгээр хувцсыг нь хадгалахын тулд 100 метр квадрат талбайтай 3 өртөө хувцасны өрөө хүртэл гаргасан гэдэг. Гэвч төрийн тэргүүнд энэ нь бага санагдаж, хувцсандаа зориулан бүхэл бүтэн давхар гаргахаас өөр аргагүй болжээ.
Кристина өдөр бүр олон цагийг хувцсаа сонгох, үс зүсээ засуулахад зарцуулдаг гэдгээ нуудаггүй байв. Шоппингт үргэлж цаг гаргаж, гадаадын айлчлалын үеэр ч амжуулна. Парист Францын Ерөнхийлөгч Николя Саркозитой уулзсаны дараа дэлгүүрээр хэсэж, Christian Louboutin-ы 20 хос туфлийг 110 мянган ам.доллараар, мөн Louis Vuitton, Hermes-ийн цүнх, зүүлт сэлтийг худалдан авч байжээ.
Кристина спортлог бие галбиртай байхыг эрмэлздэг бөгөөд том том гоёл чимэглэл сонгож, зөвхөн үнэтэй дизайнеруудын хувцас л өмсөнө. Тэр торон оруулганд дуртай, бэлхүүсээ тодотгохыг хүсдэгээс гадна гоолиг хөл, том хөхөө нууддаггүй, үргэлж л эмэгтэйлэг харагдахыг хичээж, хар, цагаан, улаан, ягаан өнгийн хувцас сонгодог байжээ.
Киршнерийн нэрийн хуудас нь сайтар зассан үс, тод нүүр будалт, үнэтэй костюм, өндөр өсгийтүүд юм. Түүнийг гадаад төрх улс төрийн бодлогоос нь илүү аргентинчуудын анхаарлыг татдаг байлаа.
“Ядуу гуйлгачин шиг хувцаслачихаад би сайн удирдагч гэж өөрийгөө бодож болно гэж үү” хэмээн Кристина Киршнер мэдэгддэг байв.
Киршнер Аргентины Ерөнхийлөгчөөр хоёр ч удаа сонгогдон ажиллаж, үүнээс өмнө тэргүүн хатагтай байсан юм. Кристинагийн нөхөр, Ерөнхийлөгч асан Нестор Киршнер харин эхнэрээсээ тэс өөр хүн. Тэр олны өмнө хайш яйш үстэй, хуучирсан, томдсон костюмтай ч хамаагүй гарч ирнэ.
Моод, шоппинг шунан дурладаг зан нь Киршнерт заримдаа таагүйгээр нөлөөлнө. Үргэлж төгс харагдахыг хүсдэгээсээ болоод Киршнер чухал арга хэмжээнд хоцорч байсан түүх олон. Жишээ нь гэхэд G20-ийн дээд хэмжээний уулзалт Вашингтон хотод болоход Аргентины Ерөнхийлөгч их 20-ийн төрийн тэргүүнүүдийн оролцсон албан ёсны зураг авалтаас хоцорсон удаатай. Эцэст нь зураг авалтыг дахин хийхээс өөр аргагүй болсон нь цагтаа ирсэн олон удирдагчийг бухимдуулсан юм. Үүнээс гадна Латин Америкийн орнууд, Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар хувцасласаар байгаад хоцорсон Аргентины төрийн тэргүүний өмнөө протоколын алба нь уучлалт гуйхаас өөр аргагүй болж байжээ.
«Аргентинд орлуулшгүй бүсгүй»
Олон хүн Киршнерийг Аргентины домогт тэргүүн хатагтай Эва Перонтой зүйрлэдэг. Энэ хоёр эмэгтэй хоёулаа нөхрүүдээ асар их нөлөө үзүүлж, Аргентины ажилчдын дэмжлэгийг авч чадсан. Мөн сэтгүүлчдийн бичсэнээр бол тэдний гол зэвсэг нь дур булаам, тачаангуй байдал гэжээ. Гэвч Кристина ингэж зүйрлэхэд их дургүй. “Би Эвагаас ч, нөхөр Нестороосоо ч юуг ч өвлөн авахыг хүсэхгүй байна. Надад байгаа бүхэн бол миний өөрийн амжилт, алдааны үр дүн” хэмээн тэрбээр дургүйцжээ.
Кристинагийн ойрын хүрээллийнхний ярьснаар бол тэрбээр багаасаа л Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг байсан гэнэ. Улс төрчийн намтрыг гаргасан сэтгүүлч Ольга Ворна гол дүрийн баатраа “Тэр бол хүчтэй, боловсролтой эмэгтэй, заримдаа агуу, заримдаа шазруун, заримдаа сэтгэл хөдлөл нь тогтворгүй. Гэхдээ л Аргентиндаа бол хэнээр ч орлуулшгүй” хэмээжээ.
Сэтгүүлч Хосе Анхель Ди Мауро түүнийг дараах байдлаар дүрсэлсэн байдаг. “Галзуу мэт эрч хүчтэй, бүх зүйл өөрийнх нь хүссэн байхад дуртай эмэгтэй. Хэрэв түүнтэй ярилцах үеэр сэтгүүлчийн ширээнээс ном авбал тэр шууд л байсан байранд нь тавьдаг” хэмээжээ.
Кристина нь 1953 оны хоёрдугаар сард Буэнос-Айрес мужийн Ла-Плата хотод төрсөн юм. Дунд сургуулиа төгсөөд улсынхаа их нэгэн их сургуулийн хуулийн факультетэд элсэн оржээ. Эндээ тэрбээр Нестор Киршнертэй танилцаж, 1975 онд түүнтэй гэрлэсэн байна. Тэрбээр нөхөртэйгөө хамтран хувийн хуулийн фирм байгуулж, дараа нь улс төрд орохоор шийджээ.
Нестор эхнэрээ өөрөөс нь илүү идэвхтэй, түүний ирээдүйн карьерт анхаарч ажиллаж байсан гэдгийг ярьсан байдаг. Перонизмын зүүн жигүүрт нэгдсэн энэ хос намын албан тушаалаар маш хурдан хугацаанд ахисан юм. Хэрэв нөхөр нь цаас харж ярьдаг бол Кристина бол гайхалтай уран яруу илтгэгч. Энэ эхнэр нөхөр хүү Максимо, охин Флоренсия хэмээх хоёр хүүхэдтэй, аз жаргалтай гэр бүл.
Киршнерийн гэр бүлийнхэн 2003 онд Ерөнхийлөгчийн ордонд нүүж ирсэн юм. Эндээ тэд Нестор эхнэртээ байр сууриа тавьж өгч, хоёр дахиа нэр дэвшихгүй гэдгээ зарласнаас хойш дахин хэдэн жил үлдсэн юм. Эхнэртээ яагаад байр сууриа тавьж өгсөн тухай улстөрийн тоглоомоор олон хов жив гарч байсан ч удалгүй тэрбээр хүндээр өвдөөд, ажлаасаа хөндийрсөн нь ойлгомжтой болсон. 2010 оны аравдугаар сард Нестор 60 насандаа зүрхний шигдээсээр нас барсан юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр хэдэн арван мянган аргентинчууд ирж, хэдэн километр урт дараалал үүссэн гэдэг. Несторыг төрөлхт Санта-Крус мужийнх нь Рио-Гальегос хотод гэр бүлийнхнийх нь дэргэд нутаглуулсан юм.
Нөхрөө нас барсны дараа Кристина Киршнер гурван жил гашуудаж, дан хар өнгийн дизайнерын хувцас өмсөж байлаа.
«Тийм ээ, би их зантай өлөгчин»
Киршнер сэтгүүлчидтэй тийм ч харьцах дуртай биш, тун ховор ярилцлага өгдөг. Ялангуяа тэрбээр Аргентиныхаа хэвлэл мэдээллийнхэнтэй тааруухан харилцаатай. Сөрөг хүний хэвлэлүүд Киршнерийг үнэтэй хувцас, гоо сайхны мэс засалдаа ямар их мөнгө үрдэгийг байнга л шүүмжилнэ. Үүнээсээ болоод түүнд Ботоксын хатан хаан, Ботокстой Эвита гэдэг хоч хүртэл өгчээ. Киршнер сэтгүүлчидтэй шүүхдэлцэж, няцаалт хүртэл хийлгэж чаджээ. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Ерөнхийлөгчийг 2012 онд бамбай булчирхайн хорт хавдартай гэхэд хүртэл хэвлэлүүдээр нүдсээр байлаа. Харин мэс заслын дараа хавдар нь хоргүй болж таарчээ.
Кристинаг 2016 онд хэдэн арван сая долларын авлига авсанд буруутган, шүүхээс түүний гишүүний халдашгүй эрхийг хасах, баривчлахыг шаарджээ. Нестор Киршнерийг төр барьж байх хугацаанд Засгийн газарт хууль бусаар мөнгө олж авах систем боловсруулагдсан гэж үзжээ. Эхнэр нөхөр хоёрыг авлигын энэ схемийг зохион байгуулсан гэж сэжиглэжээ.
Аргентины La Nacion сонин “авлигын дэвтэр”-ийг нийтэлснээс болж энэ дуулиан эхэлсэн юм. Энэ дэвтрээр бол Киршнерийн танхим дахь Төлөвлөлтийн сайд байсан Хулио Мигель де Видогийн жолооч нь хэзээ, хаана, хэнд шуудайтай мөнгө хүргэж өгч байснаа 10-аад жилийн турш тэмдэглэж авчээ. Энэ мөнгийг ихэнхдээ Засгийн газрын ордон болон Киршнерийн эхнэр нөхөр хоёрын гэрт хүргэж өгч байсан гэдэг. Жолооч заримдаа мөнгөн дүн, заримдаа мөнгөний жинг тэмдэглэн авч байв. Дараа нь жолооч хэвлэлд 96 хуудастай 8 дэвтэр дамжуулан өгсөн юм. Сэтгүүлчид энэ асуудлаар хэдэн сарын турш нийтлэл бичиж, 56 сая долларын хахууль гэж тооцоолжээ.
Мөрдлөгөөр 160-аад сая долларыг барилгын компаниуд төрийн захиалга авахаар өгсөн гэж үзсэн байна. Энэ бол өмнөх Ерөнхийлөгчийг авлигаар буруутгасан цор ганц хэрэг биш. Мөрдлөгөөр мөн Киршнерийг нөхөртэйгөө хамт гэр бүлийн ойрын нөхөр, бизнесмэн Ласаро Баест дэд бүтцийн төслийн барилгын төрийн захиалга авахад тусалдаг байсан гэжээ. 5 жилийн гэрээ нь нийт 900 сая доллар болсон байна. Кристинаг мөнгө угаасан, Аргентины Төвбанкнаас луйвар хийсэн, улсын мөнгийг үрэн таран хийсэн, хууль бусаар баяжсан зэрэгт буруутгажээ.
Кристинагийн эдгээр үйлдэл Аргентинд доод тал нь 17,1 тэрбум долларын хохирол учруулсан гэж мөрдлөг шалгалтынхан үзсэн байна. Ингээд экс Ерөнхийлөгчийн Буэнос-Айрес дэх тансаг байр, Рио-Гальегост байдаг харш, Эль-Калафатад байдаг шилтгээнд нэгжлэг явуулаад, Киршнерийн сейфнээс 2,25 сая доллар, охиных нь данснуудаас 65 сая гаруй доллар илрүүлжээ.
Киршнер өөрийгөө буруугүй, өөрийгөө улс төрийн өрсөлдөгчдийн явуулгад өртлөө гэсэн юм. Тиймээс шүүхэд байнга ханддаг аж. “Тийм ээ, би их зантай өлөгчин, нэр хүндтэй популист байсан” хэмээн байнга ярьдаг тэрбээр энэ дүр төрх нь сөрөг хүчнийхэнд “шулмын ангуучлал” хийж байгаа мэт дүр төрх бүрдүүлдэг гэжээ. Олон ч сенатч Кристинаг дэмждэг болохоор шүүх түүнийг буруутай гэж хүлээн зөвшөөрч чадахгүй, одоо болтол эрх чөлөөтэй аж төрсөөр яваа аж.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.Март