Энэтхэг улсад гурван өдрийн дотор сая шахам халдвар илэрчээ.
Сүүлийн өдрүүдэд Энэтхэг улсад хоногт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо хоногт 340.0-350.0 мянгад хүрч байна. Тус улсад ийнхүү халдварын тархалт эрчимжиж буй шалтгаан нь уг халдварын үндэс болсон “B.1.617” гэсэн шинжлэх ухааны нэршил бүхий ковидын хувирсан хэлбэр.
Уг хувирсан хэлбэр нь Калифорнийн хувирсан хэлбэр, Өмнөд Африкийн болон Их Британы хувирсан хэлбэрүүдийн шинжийг агуулсан тул судлаачид “давхар мутацлагдсан” вирус гэж нэрлэж байна. Энэтхэг улсад дээрх В.1.617 вариантаас гадна Өмнөд Африкийн В.1.351 болон Их Британы В.1.1.7 вариант ч нэгэн зэрэг тархаж байгаа тул халдварын тархалтын хурд өндөр байна гэж судлаачид үзжээ.
Энэтхэг улсад бүртгэгдээд байгаа ковид-19 халдварын шинэ хувилбарууд нь тархалт өндөртэй байгаа аж. Тиймээс олон удаа хувирсан, одоогоор бүтээгдсэн вакцинууд уг хувирсан хэлбэрээс хир зэрэг хамгаалж чадах талаар судалгаа хийгдээгүй байгаа тул бүхий л улс орнууд энэхүү хувирсан хэлбэрээс сэргийлэх арга хэмжээг авч байгаа талаар Эдийн засагч Н.Энхбаяр өөрийн цахим хуудсандаа бичээд. ЭМЯ, ХӨСҮТ, УМХГ-ыг энэ асуудлыг анхаарч үзэх шаардлагтай талаар дурьдаад, өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрбээр “Энэ асуудалд манай холбогдох байгууллагууд ЭМЯ, ХӨСҮТ, УМХГ онцгой анхаарал хандуулж дараах арга хэмжээг юуны өмнө яаралтай авах шаардлагатай гэж үзэж байна.
Үүнд:
– Ойрын 2 сарын хугацаанд Энэтхэг улсруу нислэг үйлдэхгүй байх, тус улсаас ирэх ямар нэгэн зорчигч хүлээн авахгүй байх;
– Энэтхэг улсад зорчихгүй байхыг иргэддээ анхааруулах, зөвхөн Монголоос бус бусад оронд байгаа манай улсын иргэд мөн адил;
– Энэхүү хувирсан вирусын талаар ДЭМБ болон бусад судалгааны байгууллагуудаас шинэ мэдээллийг байнга авч анхаарлын төвд байлгах, судлах;
– Одоо хийгдэж буй дархлаажуулалтын үйл ажиллагаанд бүхий л хүн хүчийг төвлөрүүлж, шуурхай оновчтой зохион байгуулах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.
Одоо дотооддоо тархаад байгаа халдварын тархалттай тэмцэхэд бүхий л хүч, хөрөнгөө дайчилж,хүндэрч байгаа улс орнууд хэрэв ковидын дээрх хувирсан хэлбэрийг гаднаас алдаж дотоодод оруулсан нөхцөлд Бразил, Энэтхэг улсын адил “Гамшигт нөхцөл байдал”-д хүрч болзошгүй юм шүү гэдгийг онцгой анхаарна уу!” гэжээ.
Бэлтгэсэн: Н.Батаа