Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өмнө нь нэр дэвшиж байсан хүн дахин нэр дэвших боломжгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг Цэц ч УИХ ч хүлээн зөвшөөрч 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч нь зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгогдохоор болж байна. Энэ шийдэл Ардчилсан намынхныг хөдөлгөөнд оруулж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийг ил болгож эхэллээ. АН-ын гишүүд Ц.Оюунгэрэлээс бусад нь энэ сарын дунд үе хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших үү, үгүй юу гэдгийг анан Х.Баттулгын “хана мөргөлт”-ийг хүлээж байсан билээ.
Шийдвэр өнөөдөр тодорхой болсон ч АН-ын нэр дэвшигчдийг амаргүй даваа хүлээж байна. Энэ долоо хоногт АН-ын хоёр хуваагдлын нэгийг ахалж байгаа Ц.Тувааны тал АНУ-ын пиар компаниас зөвлөмж үйлчилгээ болон америкийн хэвлэл мэдээллийн дэмжлэгийг авах 150 мянган долларын гэрээ ил болсон. Мьянмарын цэргийн хүчинд зөвлөх үйлчилгээ үзүүлж, тус улсын тусгаар тогтнолд нөлөө үзүүлсэн АНУ-ын пиар компани Монгол Улсын энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж байсан мэдээлэл АН-ын нэр дэвшигчдэд тэр тусмаа Ц.Тувааны талынханд сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой болж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг мөн З.Энхболд, Э.Бат-Үүл нар нэр дэвшихээр санаархаж эхэлжээ.
С.Эрдэнэ: Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэдгийг намтартаа дурдах дуртай С.Эрдэнэ УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгогдож байсан. Засгийн газрын гишүүн, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байсан. АН-ын даргаар ажиллаж байхдаа УИХ дахь АН-ын бүлгээ хоёр хуваасан нь намаа 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдуулах томоохон эхлэлийг тавьсан. АН түүний үед хоёр хуваагдсан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүчтэй оролцоотой хийгдсэн. С.Эрдэнэ харин ч Х.Баттулгыг эсэргүүцэн зогсож байсныгаа АН-ынхаа өмнө байгуулсан гавьяа гэж үзэж байгаа. С.Эрдэнэ сайд байхдаа гаргасан шийдвэрүүдээсээ болж АТГ болон ЭЦГ-т шалгагдаж байсан. Энэ хэргийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хэрэгсэхгүй болгож, оронд нь АН-ын даргын ажлыг нь авсан. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй болсон нь С.Эрдэнийг хамгийн их баярлуулж байгаа. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдээгүй ч ойр ойрхон лайв хийж, олон нийтэд өөрийгөө сурталчлах ажлыг шуурхай эхлүүлчихсэн явна.
Н.Алтанхуяг: 2012-2014 онд Ерөнхий сайдын албан тушаалаас огцормогцоо “Ерөнхийлөгч АТГ хоёр ажил хийлгээгүй, Ц.Элбэгдорж бол аймаар хүн” гэсэн мессежийг түгээн АН дотооддоо хагаралдах хамгийн том суурийг бэлтгэж өгч байв. 2016 онд Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ бусдаасаа түрүүлэн зарласан. Гэвч түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шанс дутсан. Яг энэ үеэр АТГ-д шалгагдаж байсан Н.Алтанхуяг Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа улс төрийн бодлогын хариуцсан зөвлөхөөр ажиллаж, Ц.Элбэгдорж болон Ардчилсан намыг яллах ажлыг гардаж гүйцэтгэж байсан. Х.Баттулгын үед хуулийн байгууллагад шалгагдаж байсан өөрийн болон тойрон хүрээлэгчдийн бүх гэмт хэргийг цайруулж чадсан Н.Алтанхуягт С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх олгоогүй. Тиймээс Увсын фракцийн толгойлогч гэгдэж явсан Н.Алтанхуяг Эрдэнэтэд бие даан өрсөлдөж, УИХ дахь бие даагч гишүүн болсон. Одоо АН-ын хоёр хуваагдлын нэг Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын толгойлж байгаа хэсгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой явж байгаа.
Р.Амаржаргал: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших мөрөөдөлтэй цөөнгүй улстөрч байдгийн нэг нь энэ хүн. 2017 онд нэр дэвшигчдийн дунд нэр нь гарч ирж байсан ч хол яваагүй. Энэ удаа өөрөө нэр дэвших бодолтой байгаа. Клабхауст 3 цагийн яриа дэлгэсэн Р.Амаржаргалыг Ерөнхийлөгч байх хэмжээний ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүн. АН-ын унасан нэр хүндийг өөд нь татаж чадна гэсэн итгэл нийгэмд байсаар ирсэн. Гэвч түүний клабхуст хэлсэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийг харсангүй, Х.Баттулга гэдэг хувь хүний найруулсан жүжгийг харсаар байгаад дуусгаж байна” гэсэн үг олон хүнд таалагдсангүй. АН-ын лидерүүдийг баривчилж байхад, шүүхээс ял өгөөд явуулж байхад амиа бодоод огт дуугараагүй энэ хүн нийтийн эрх ашгийн төлөө зүтгэж чадахгүй гэсэн шүүмж дагалдаад эхэлжээ. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад түүнийг дэмжигчдийн тоо эрс цөөрсөн.
Ц.Оюунгэрэл: УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн зарлагдахтай зэрэгцэн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан хүн бол Ц.Оюунгэрэл. Мэдэгдэлдээ “Ирэх зургаан жилд Ковидийн дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэл гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобал асуудлаас Монголчуудад учрах эсрдлийг багасгахад хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр би шийдлээ” хэмээн дурдаж байсан. Миний өмнө дахиад нэг даваа байна, АН-ын даргад өрсөлдөж бие халаалтаа хийнэ гэж байсан Ц.Оюунгэрэл АН-ын даргаар сонгогдож чадаагүй ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шулуудсан яваа. Эмэгтэй нэр дэвшигч, гадаад нөхөртэй хүн Төрийн тэргүүн байх ёсгүй гэсэн яриа нэр дэвшихээ зарласан үеэс дагалдаж байгаа. Хэрвээ АН-аас С.Эрдэнэ, З.Энхболд нар нэр дэвшинэ гэж зориг шулуудсан тохиолдолд Ц.Оюунгэрэлд ямар ч боломж олдохгүй. Үүнийг нь олж харсан ХҮН нам Ц.Оюунгэрэлийг ХҮН-ээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр сонирхоод эхэлсэн.
З.Энхболд: АН-ыг 2012-2016 онд төрийн эрх барьж байхад УИХ-ын даргаар ажиллаж, 2016 оны сонгуульд ялагдах томоохон шалтгааныг бэлдэлцсэн хүний нэг нь З.Энхболдыг гэдэг. З.Энхболдын 2016 онд жагсаасан 76 өрсөлдөгч АН-ыг эрх барих боломж авчирч чадаагүй нь З.Энхболд нэр дэвшигчээ биш мөнгө шүтсэнтэй холбоотой гэсэн шүүмжлэл гарч байсан. 2017 онд З.Энхболд АН-ыг Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж эхэлсэн.
2020 оны УИХ-ын сонгуулиас 3 сарын өмнө З.Энхболд ажлаа хүлээлгэн өгч, АН-даа эргэн ирсэн. Энэ үед түүнийг “З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгийн газрын хаалгыг хаахдаа Ерөнхийлөгч Х.Баттулгын 62 хувьтай байсан рейтингийг 8 хувь руу унагаж өгөөд явлаа. Энэ бол Х.Баттулга, түүний улстөрчийн нэр хүндэд томоохон эрсдэл бий болгосон гэсэн үг” гэсэн яриа дагадлаж байв. Харин улс төрийн хүрээнийхэн З.Энхболд нь Үндсэн хуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин Ерөнхийлөгчөөр сонгох боломжгүй болгох заалтыг оруулж өгөөд явлаа гэлцэж байв. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байх ёстой гэсэн заалт нэг талдаа шийдэгдэн Х.Баттулгын нэр дэвших боломж хязгаарлагдлаа. Харин З.Энхболд АН-даа эргэн ирж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг голлон тодорхойлолцсон ч АН сонгуульд ахиад л ялагдсан.
Э.Бат-Үүл: УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл өнгөрсөн хавар АН-ын хоёр хуваагдлын нэг С.Эрдэнийн тэргүүлсэн АН-аас Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон. Энэ үеэрээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй, харин Хотын даргын ажлаа хийхэд бэлэн. Би нийслэлийнхээ л төлөө ажиллана. Нийслэлийн намын даргад өрсөлдөнө. Ирээдүйд боломжтой бол нийслэлийн Засаг даргад өрсөлдөнө. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа мэтээр мэдээлэл гараад байна. Ингэснээр гүжир гүтгэлэг эрчимждэг. Залуучууд нийгмээ авч явах цаг нь болсон. Манай намын залуус энэ нийгмээ аваад явна гэдэгт би эргэлзэхгүй байна” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдээлэл бас гарч байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгч Х.Баттулгын АН руу чиглэн явуулсан хатуурхал, лидерүүдийг нь эдийн засгийн гэмт хэргээр ялласан хэрэг явдлыг хамгийн ихээр шүүмжилж байсан хүний нэг. “Х.Баттулгыг Гитлер, Сталины сүнсийг босгоод ирэх юм гэж яаж мэдэх билээ” хэмээн халаглаж байсан Э.Бат-Үүлд хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж гарч ирвэл тэр үгүй гэхгүй. Түүний хүү Б.Чулуудайн хамт шалгагдаж байгаа эрүүгийн гэмт хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа.
Н.Чинзориг