Токиогийн олимпийн наадам эхлэхэд цөөхөн хугацаа үлдээд байна. Үүнтэй зэрэгцээд олон улсын спортын судалгааны «Gracenote» компани сонирхолтой дүн шинжилгээ хийжээ. Тэд Токиогийн 2020 оны Олимпийн наадмын медалийн хүснэгтийг гаргажээ.
Тэдний таамаглалаар АНУ нийтдээ 114 медаль хүртэж тэргүүлэх магадлалтай байна. Үүний 43 нь алт, 30 нь мөнгө, 41 нь хүрэл медаль байх гэнэ. Араас нь Хятад 38 алт, 23 мөнгө, 24 хүрэл гээд нийт 85 медальтайгаар удаалах магадлал өндөр. Тэгвэл Орос 23 алт, 24 мөнгө, 26 хүрэл медаль гээд нийт 73 медаль авах боломжтой юм байна.
Монгол Улсын тухайд нэг мөнгө, нэг хүрэл медаль авна гэжээ.
«Gracenote» группийн шинжээчдийн тэргүүн Саймон Глайв «Бид энэ тоогоо өөрсдийн алгоритм дээр үндэслэн гаргасан. Жишээлбэл бид Монгоын тамирчин М.Уранцэцэгийг гуравдугаар байр эзэлнэ гэж тооцно. Гэхдээ тэмцээний өдөр энэ тамирчин илүү амжилттай ч байж болно, илүү муу ч байж болно. Монгол Улс нэг хүрэл, нэг мөнгө авна гэдэг нь бидний таамаглал. Хэдий тийм ч энэ онд олон хүчин зүйлсийн улмаас Олимпийн наадамтай холбоотой тодорхойгүй зүйлс их байна” гэжээ.
Энэ байгууллагын судалгаагаар М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын ангилалд хүрэл, жүдогийн эрэгтэйчүүдийн 73 хүртэлх кг-ын жинд Цогтбаатар мөнгөн медаль авах магадлалтай байна.
Эх сурвалж: centralasia.media
Орчуулсан: Э.Март