УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ,Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар мэдээлэл хийж, Ц.Туваан даргатай Ардчилсан Нам АНУ-ын лобби фирмтэй гэрээ байгуулсан асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: “Өчигдөр твиттер дээр нэг мэдээ гарсан. Энэ мэдээнд би хувь хүнийхээ хувьд нилээн цочирдсон. Яагаад цочирдсон бэ гэхээр энэ мэдээнд Монголын АН, АНУ-ын лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулиар ажиллах 2 сарын гэрээ байгууллаа. 50,000 долларын гэрээ байгууллаа гэсэн мэдээ тавигдсан байсан.
Яагаад цочирдсон юм бэ гэхээр 2008 оны 07 сарын 01-ний үйл явдлын дараа Монголын улс төрийн гол гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй хууль болсон аман тохиролцоо явж ирсэн юм. Тэр нь юу вэ гэхээр сонгуулийн үеэр гадна дотны хөрөнгө мөнгө, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө авахаа больё. Сонгуулиа өөрсдөө хийж байя. Сонгуулиас бусад үед зөвлөгөө авч болно. Харин ямар ч тохиолдолд сонгуулиа бол Монголчуудынхаа хүчээр хийгээд, Монголчуудынхаа хувь заяаг Монголчуудаараа шийдүүлээд явж байя гэдэг тохиролцоо улс төрийн гол гол хүчнүүдийн хооронд байсан юм аа.
Энэ тохиролцоо энэ гэрээгээр эвдэгдээд, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр буюу 2021 оны 04 сарын 12-ноос 06 сарын 15-ны өдрүүдэд ийм гэрээ байгуулагджээ. 2 сарын хугацаатай, 50,000 долларын гэрээ. Бид бол аймшигтай бөгөөд аюултай 20-р зууны түүхийг давж гарч ирсэн ард түмэн шүү дээ. Монголчууд бид улстөрийн эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлддэг. Муудалцахаараа гадны хүч дэмжлэг, туслалцаанд дулдуйддаг. Татаж оролцуулдаг. Түүнээсээ болж улс эх орныхоо тусгаар тогтнолыг алддаг. Түүнээсээ болж ахан дүү Монголчуудаа алж хяддаг. Ийм аймшигтай 20-р зууныг даваад ирсэн учраас улстөрийн намуудын хооронд аман тохиролцоо, бичигдээгүй хууль байсан юм. Энэ зөрчигдөж байх шиг. Үүнд маш их харамсаж байна. Энэ гэрээ хаанаас, яагаад ил болоод гараад ирэв гэхээр “Foreignlobby.com” гэдэг веб сайттай лобби групп байдаг. АНУ-ын гадаадын лобби бүртгэлийн тухай хууль гээд 1938 оны хуулиар АНУ-д гадаадын аль нэг байгууллага, улстөрийн хүчний өмнөөс лобби хийхээр бол бүртгүүлдэг. Тэнд бүртгүүлэхдээ гэрээгээ хавсаргадаг, АНУ-ын Хууль Зүйн Яаман дээр бүртгэгддэг.
Хуульзүйн Яаман дээр бүртгэхдээ АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Газрын Сөрөг Тагнуулын хэлтсийн хөтөлдөг веб сайт дээр энэ гэрээ гарч ирж байгаа юм.
Хамгийн ойлгомжгүй зүйл нь би өчигдөр Ц.Туваан гишүүнээс асуугаад хариулт авч чадаагүй. Ц.Туваан гишүүн бол би ийм гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй, би мэдэхгүй, манай намд ийм гэрээ байхгүй гэж буйд нь би үнэмшиж байна. Ц.Туваан гишүүн худлаа хэлээгүй байх. Итгэж байна. Гэтэл Ц.Туваан гишүүний нэрийн өмнөөс хэн гарын үсэг зурчихав аа? АНУлс АН-ын нэрийн өмнөөс өөрөө өөртөө 50,000 доллар төлөөд гэрээ байгуулчихаагүй нь ойлгомжтой байх. Хоёрдугаарт гэрээний зорилго нь их ойлгомжгүй байгаа юм. Гэрээний зорилго нь юу вэ гэхээр Монголын АН-ын нэрийн өмнөөс Монголын ардчилал, тусгаар тогтнолыг дэмжих гэдэг зорилготой. Яг юу хэлээд байгаа нь ойлгомжгүй ийм гэрээ байгуулчихаад байгаа юм. Ийм гэрээ байгуулсан байгуулаагүй гэдэг асуудлууд яригдаад байгаа дээр мэдээлэл өгч байна. Хоёрдугаарт үүний учрыг олоход туслаарай гэж та бүхнээс тусламж дэмжлэг хүсэж байгаа юм.” хэмээв.