АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг 3-р сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн билээ. Эрүүл мэндийн яамны захиалсан 10 мянган оношлуурыг хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх энэхүү шинжилгээ нь цаг хугацааг хэмнэсэн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах сайн бүтээл болсон гэдгийг онцолсон юм. Шүлснээс авах энэхүү шинжилгээ нь хамар залгиурын арчдасаас авах шинжилгээнээс зовиур багатай мөн хямд өртөгтэй зэрэг давуу талтайг хэллээ.
Монгол улсын засгийн газрын захиалгаар АШУҮИС-ийн Эрдэмтдийн бага энэхүү оношлуурыг хийж зах зээлд нэвтрүүлж байна. Нэг хайрцгаас 96 хүний шинжилгээг хийдэг. Шинжилгээний хариу 90 минутын дараа гардаг гэдгээрээ давуу талтай юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар өнөөдрөөс ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС, СБДНЭ, болон УНТЭ, УХТЭ зэргийн лабораториудад уг оношлуурыг хувиарлах юм. Ийнхүү шүлснээс илрүүлэх шинжилгээ нь ийнхүү практикт нэвтэрч байна.Эрүүл мэндийн яамны удирдлагуудын зүгээс АШУҮИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, судлаачид оношлуурыг бүтээсэн төслийн багийн эрдэмтэд, Эмнэл зүйн молекул оношлогооны төвийн хамт олонд баярласан талархаснаа илэрхийллээ. Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний ПГУ оношлуурыг цаашдаа үйлдвэрлэн өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэллээ.
““
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам