Удаан хугацаанд үргэлжилж буй, цаашид чухам яг хэзээ бидний амьдрал урьдын хэвийн байдалдаа орохыг, эсвэл бүр огт өөр нөхцөл байдал руу шилжих эсэхийг мэдэхгүй эрүүл мэнд, санхүүгийн байдал, сэтгэл зүй, аливаад хандах хандлага гэхчилэн олон чухал зүйлд өөрчлөлт орсоор, маргааш чухам ямар шинэ мэдээ, шийдвэртэй тулахыг мэдэхгүй сорилттой үеийг бид туулж байна. Ялангуяа иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн байдал цар тахлын үед гэнэтийн сорилттой нүүр тулж, багагүй бэрхшээлтэй тэмцэж буй.
Улс орны хөгжлийг урагш түрдэг, баялаг бүтээгчид болох бизнес эрхлэгчдийн цар тахлын үед туулж буй бэрхшээл, замналыг бид багагүй сонсож байгаа. Тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцолмоор. Учир нь эрчүүдтэй харьцуулахад бизнесээ эхлүүлэх, түүний тулд хөрөнгө босгох, дэмжлэг авах, удаан хугацаанд амжилттай авч явах тал дээр эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү хүндрэлтэй байдаг тухай олон судалгаа бий. Гэхдээ Harvard Business Review-ээс саяхан гаргасан судалгаагаар эмэгтэй бизнес эрхлэгчдийг бэрхшээлтэй нүүр тулах үедээ тогтвортой байдлаа хадгалах, манлайлах тал дээр эрчүүдээс илүү үзүүлэлттэй байгааг харуулжээ.
Тухайлбал, Ковид-19 цар тахлын эхний давалгаанд буюу 2020 оны 3-6 дугаар сарын хооронд тус сэтгүүлээс манлайлах ур чадвараараа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 60 мянган удирдах түвшний захирлуудыг судалгаанд хамруулсан бөгөөд тэдний 22,603 нь эмэгтэй, 40,187 нь буюу дийлэнх нь эрэгтэй захирлууд байжээ. 360 градусын олон улсын судалгааны дата дээр хийсэн үр дүнд цар тахлын үеэрх гэнэтийн сорилт бэрхшээлд эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад асуудалд илүү хүлээцтэй, өөдрөг хандаж, бэрхшээлийг даван туулах сэтгэл зүй сайтай байгаа нь компанийн үйл ажиллагаанд эерэг нөлөө авчрах төлөвтэйг харуулсан байна.
Ковид-19 цар тахлын өмнөх болон цар тахлын үеэр дээрх судалгаанд оролцсон эрэгтэй болон эмэгтэй удирдагчдын удирдлагын үр нөлөөний оноог танилцуулахад эрчүүд цар тахлаас өмнө 48.8 оноо, цар тахлын үеэр 51.5 оноо, харин эмэгтэйчүүдийн манлайллын ур чадвар, түүний үр дүн цар тахлын өмнөх үед 53.1, цар тахлын эхний давалгааны үеэр 57.2 оноог тус тус авчээ.
Түүнчлэн манлайллын ур чадварын 19 үзүүлэлтээс 13-т нь эмэгтэйчүүд эрчүүдээс өндөр оноо авсан байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн манлайллын чадамжийг харьцуулсан байдал
Эмэгтэйчүүд манлайллын ур чадвараараа яагаад илүүрхэх болов?
Эмэгтэйчүүдийн манлайлал эрчүүдийнхээс илүү байгаа нэг чухал хүчин зүйл нь ажилтнуудын сэтгэл ханамжтай байдал аж. Хямралын үед ч ажилтнуудыгаа хөгжүүлэхэд, тэдэнд урам зориг өгч, ажиллах хүсэл тэмүүлэлтэй байхад анхаарах, босс-ажилтны харилцаа бус, нэг багийн хамтрагчийн харилцаа үүсгэж чадаж байгаагаар эмэгтэйчүүд илүү оноо авч чаджээ. Судлаачдын үзэж байгаагаар ажилтнуудыгаа мэдэрч, уян хатан шийдвэр гаргах тал дээр эмэгтэйчүүд мөн давамгай байдаг байна.
Хэдийгээр энэ нь эмэгтэйчүүдэд давамгай байдаг шинж чанарууд ч эрэгтэй удирдагчдад эдгээр чадварууд огт байдаггүй гэсэн үг биш юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нийгэм, эдийн засгийн байдал тодорхойгүй байгаа энэ үед хүйсээс хамааралгүй бүхий л удирдах түвшний менежер, захирлууд хямралын үеийн удирдах арга барилд суралцах, үүнд зөвхөн бизнесийн шийдвэр гаргалтуудаас гадна хамтран ажиллаж буй нэгнийхээ сэтгэл зүйг мэдрэх шаардлага үүсэж байгааг тэмдэглэсэн байна.
Монгол дахь эмэгтэй бизнес эрхлэгчид
Дэлхий дахины судалгаанаас харахад ТУЗ-дөө эмэгтэй гишүүнтэй компаниуд амжилтын үзүүлэлтээрээ эмэгтэй гишүүнгүй компаниудаас 5-20 хувиар, дунджаар 10-15 хувиар илүү байдаг. Гэвч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд олгох зээл, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт олж авахад Монгол Улсад төдийгүй олон улсад ч учир дутагдалтай байгаа талаар Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа Mongolian Economy сэтгүүлийн энэ оны 3 дугаар сарын дугаарт ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Манай улсын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 60-аас дээш хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид бүрдүүлж байна. Гэхдээ тэдэнд ажил үйлчилгээгээ явуулах бизнесийн орчин, нөхцөл боломж хангалттай түвшинд хүрч чадсан эсэх нь өнөөг хүртэл эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд чухал асуудал болсоор ирсэн билээ.
Энэ тал дээр бизнес эрхлэгчдийн саналыг сонсон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг болгож Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн байгууллагуудтай санал солилцож, тэднийг дэмжин хамтран ажиллах санамж бичгийг байгуулан, зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн хөтөлбөрүүд, хөнгөлөлттэй зээлийг санал болгоод байгаа нь сайшаалтай. Голомт банкны хувьд нийт харилцагчдын 70 хувийг эмэгтэй харилцагчид эзэлж байгаа бол нийт зээлтэй харилцагчдын 50-аас илүү хувийг мөн эмэгтэйчүүд эзэлдэг байна. Тиймээс ч тус банкны зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин санхүүгийн чадавхийг нь сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээгээ идэвхтэй эрхлэх боломжоор хангахад анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
Тухайлбал
• Голомт банкнаас сүүлийн 5 жилийн хугацаанд бизнесийн зээлийн талаас илүү хувийг буюу 53%-ийг эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгосон.
• Сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлтээр Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгосон зээлийн тоо 20%, зээлийн дүн 30%-аар өссөн.
• Голомт банкнаас жилд дундаар 1.1 их наяд төгрөгийн зээлийг эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгосон байна.