Улс орныг хагалж бутаргадаг, ард түмнийг дотоодод нь сөргөлдүүлдэг, иргэний дайныг өдөөдөг, дэвшилд үл авч ирэх хувьсгалд босгодог, цаг зуурын маяг, моодыг дарвиж дагадаг, жалга довын явцуу ашиг, сонирхолд нутаг усаараа талцан автагддаг гэх мэтийн хор хөнөөлтэй үзэгдлүүд голчлон нийгмийн сэтгэл зүй дэх элдэв гажуудал, самууралд тулгуурласан байдаг.
Нийгэм дэх аль нэгэн томоохон бүлэг, давхраа нийтээрээ дарвиж, хөөрч самуурах тохиолдол ч буй. Шалтгаан нь янз бүр байдаг. Айж түгшиж самуурдаг, мухар сүсэгт хэт автаж солиорч самуурдаг, мансуурч хөлчүүрхэж бөөнөөр самуурах нь бас буй. Дайн самууны үед цусанд шунаж улайрч самуурсан тохиолдол бас байжээ.
“Муу эр дайнд хөөрдөг” хэмээх үг ч гэсэн сэтгэлзүйн гажгийн холбогдолтой.
Нийгмийн онц халдварт өвчин, цар тахлын үед айж ширвээтсэн хүмүүс хүмүүн бусын ааш авир гаргасан тохиолдол цагаан цэцгийн тахлын үед Европын зарим оронд гарчээ. 1914-1918 онд болсон дэлхийн нэгдүгээр дайны жилүүдэд 9 сая орчим хүн алагдаж, 20 сая хүн шархдаж, олон сая хүн тахир дутуу болж, олон мянган хүн сэтгэл мэдрэлийн гажиг олсон буюу галзуурч солиорчээ. Дэлхийн нэгдүгээр болон хоёрдугаар дайны жилүүдэд зарим ард түмэн, үндэстэн бүхлээрээ шахам төөрөгдөл, хийрхэлд автаж араатны ааш авир гаргаж самуурчээ. Үүний уршгаар 75 орчим сая хүн амь насаа алдсан билээ.
Том хотын хүн амыг бүхлээр нь шахам хамарсан жагсаал, цуглааны үед хөөрч самуурсан хүмүүс зэрлэг догшин ааш авир гаргаж, хийрхэлд автаж, дайралдсан бүхнийг эвдлэн сүйтгэх, галдан шатаах нь энэ XXI зуунд ч тохиолдсоор байна.
Нийгмийн хувьсгал, бослого, хөдөлгөөнийг ашиглан зальхай этгээдүүд хот, муж, гацаа, тосгоны удирдлагад шургалан ороод нийтийн, нийгмийн, дундын, хоршооллын гэгдэх өмч хөрөнгийн ихэнхийг элдэв заль хэрэглэн хувь хувьдаа завшин авчихсан баримт аль ч улс оронд элбэг байдаг.
Яг л иймэрхүү үзэгдэл, үйл явц Монгол орны хот, хөдөөд хэрэгжжээ. Хөдөөд гэхэд л нэгдэл, хоршооллын өмч ямар ч судалгаа, шинжилгээ, бүртгэл, тайлан, хуульгүйгээр цөөн хүмүүст хувьчлагджээ. Хот, аймгийн төвүүдэд ч гэсэн өмч хувьчлах ажил булхай, луйвар, хээл, хахуулийн оролцоотойгоор, УИХ-аас баталсан хуульгүйгээр, ард түмний хяналтгүйгээр хэрэгжсэн билээ.
Нэг үзэл суртал, нэг намын хуваарьгүй ноёрхол, нэг удирдагчийн цаг хугацаагүй захиргаадалтын эсрэг хандсан өргөн олон түмний дургүйцэл, эсэргүүцлийг ашиглан ардчилагчдын рольд тоглож эхэлсэн зальжин, шуналтай, эгэл түмнээ гэсэн нинжин сэтгэлгүй, боловсрол ба хүмүүжлээр дорой залуус 70 гаруй жилийн туршид ард түмний бүтээсэн баялгийг хуваан авцгаажээ.
Тэгээд ч зогссонгүй татвар төлөгчдийн буй болгодог улсын төсвийн хөрөнгөнд хачиг, хувалз мэтээр шигдэж, шимэж тэрбумтан болцгоожээ. Ийм процесс 30 шахам жил үргэлжилсээр, МАН-АН, түүний дотоод гадаад түнш, холбоотнууд Монголын ашигт малтмалын их нөөц рүү, элдэв зальжин аргаар, хөрөнгө оруулах, нэрээр шигдэн орцгоож өдөр шөнөгүй шуудайлан зөөсөөр, цөлмөн авцгаасаар байна.
1990-2020 он бол яг хэрэг дээрээ Монголын улс төрд, төр засагт “хогийн ургамал цэцэглэсэн” он жилүүд байлаа.
Улс төрийн намууд гишүүд, дэмжигчдийнхээ сэтгэлзүйд голчлон тулгуурлаж сонгуульд амжилт олсоор байсан боловч удирдлага нь зөв хүнээ нэр дэвшүүлэх биш харин, авилгач, бялдууч, зальжин, популист этгээдүүдээ нэр дэвшүүлж, худал магтсаар сонгуулж, тэд нь ганцхүү төсвийн хөрөнгө рүү, эх орны баялаг руу дөрвөн жилийн турш хомхойрон шигдэж, баяжиж, хөрөнгөжсөөр, намдаа зориулж “мөнгө босгосоор” ард олны ашиг, сонирхлыг хөсөр хаядаг байв. Сонгуулийн үеийн луйвар, булхай, санал худалдаж авах, хоосон амлах, өрсөлдөгчдийнхээ нэр, төрд халдах, гүтгэх зэрэг жигшүүрт үйлдлүүд ч ердийн хэрэг болж газар авчээ.
Ард түмэн, сонгогчдын боловсрол, мэдлэгийн түвшин хичнээн их дорой, доогуур байх тусам л тохиолдлын хүмүүс, популистууд, зальхай этгээдүүд олон хүний санал авах, том албан тушаалд шургалах боломж их байдаг. Иймээс улс төрийн намуудын заавал хийж байх ёстой нэг ажил бол өргөн олныг гэгээрүүлэх, зөв мэдээллээр хангах, зөв сонголт хийхэд нь туслах явдал юм. Гэтэл сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, гэгээрүүлэх ажилд намуудын 80-90 хувь нь ямар ч анхаарал хандуулахгүй, өчүүхэн төдий хөрөнгө мөнгө зарцуулахгүй байна.
Ухамсар мөчид хүмүүсээр зөв сонголт хийлгэх магадлал тун бага юм. “Олонхи ямагт зөв шийдвэр гаргадаг, ард түмэн хэзээ ч алддаггүй” гэх үзэл баримтлал бол большевик туйлшрал, өрөөсгөл үзэл, хандлага билээ.
Намууд мянга шахам хүний нэр дэвшүүлээд бүгд л магтаалын үг урсгаж буй тохиолдолд хувь сонгогч юуг баримжаалж сонголт хийх нь ойлгомжгүй болчихдог ажээ. Иймээс улс орны өмнө тулгамдаад буй зорилт, асуудлуудыг сонгогчид сайтар ойлгосон, дэмжих намаа хэдийнээ товлочихсон, дэмжих хүнээ ч таньж мэдчихсэн байх хэрийн мэдээлэл, мэдлэг, баримжаа сонгогч нэг бүрт байх хэмжээнд ард олны улс төрийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байна.
Нийгэм дэх бүлэг, давхраа нэг бүрийн сэтгэлзүй, ухамсрыг шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээллийн үндсэн дээр эрүүлжүүлж, гэгээрүүлж, хоосон чалчигчид, популистууд, элдэв зүсмийн сөрөг нөлөөнөөс сэргийлж, хамгаалж байх нь чухал юм. Энэ талын ажлыг төр засаг, олон нийтийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, эх оронч сэхээтнүүд байнгад хийж байх үүрэгтэй. Энэ бол оюунлаг иргэн бүрийн журамт үүрэг юм.
Гэгээрсэн олон түмэн, ухамсартай иргэд л сонгуулийн тусламжтайгаар төр, засгаа чанаржуулж, улс эх орноо хөгжүүлж, дэвшилд хүргэж, нийгмээ эрүүлжүүлж байдаг.
Судлаач, профессор Д.Чулуунжав